Showing posts with label mongolia. Show all posts
Showing posts with label mongolia. Show all posts

Сонгуулийн буянаар төрж буй сонсголууд

Сонгуулийн буянаар дампуурч байсан монголын хөгжмийн урлагт хөрөнгө оруулалт орж "гайгүй" гэж хэлж болохуйц дуу төрдөг. МАХН-ын ах нар энэ санаачлагыг өнгөрөгч сонгуулиар гаргаж байсан бол энэ удаад АН-ын ах нар бас юунд нь дутахав үзээд алдлаа. Гэхдээ тэдний иргэдрүү хандсан "мессеж" нь арай өөр.

МАН

Бид бүгд нэг монгол


Монголоороо байгаасай



АН

Никитон - Нар


Өнө мөнх эх орон


Харин бонус болгоод нэг сонирхолтой дуу оруулчихъя.

Монголын нэг өдөр

Утасны дугаарлалт ямар ашигтай вэ?

Mobicom компани 9411 дугаарлалт гаргажээ. 9911 үнэ цэнтэй дугаарын үргэлжлэл гэнэ. Өмнө нь 9910 дугаарлалт бас ийм хэлбэрээр гаргаж байсан. 9999 дугаарлалтыг ч мөн адил. Одоо 9910, 9999 дугаарлалтаас хангалттай хэмжээний дугаар сул байгаа санагдах юм. Дээрх үйл бизнэс аргаас үүдэлтэй бяцхан эргэцүүлэл орж ирсэнгээ хуваалцаж байна.

Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд Монголд хангалттай хэмжээнд байгаа гэж ойлгож байна. Гэхдээ шинээр нэмэгдэхийг үгүйсгэж болохгүй юм. Шинээр нэмэгдлээ гэхэд аль ч үүрэн холбооны үйлчилгээг хэрэглэгчдийн хувьд бол ашигтай тал болох юм. 

Монголын үүрэн холбоо хэрэглэгчдийн тоо өсөж бий. 2009 оны байдлаар ~1.9  сая, 2010 оны байдлаар ~2.3 сая, 2011 оны байдлаар ~2.5 сая гэсэн судалгаа гарсан байдаг. Цаашлаад 3 саяд хүрэх байх. Мэдээж энд давхар утас хэрэглэгчдийн тоо өсөхөд түлхүү нөлөө үзүүлсэн байж болох юм.

Гэхдээ бидэнд нэг дутагдал байна. Энэ нь үүрэн холбооны утасны дугаарлалт. Дугаарлалт нь мөнгө олох хэрэгсэл болчоод байгааг хязгаарлах хэрэгтэй юм. Үүнийг хүн бүр мэдэж байгаа хэрнээ ач холбогдол өгдөггүй.

Хэн нэгэн этгээд 500 мянган төгрөгөөр дугаар худалдаж авсан нь тухайн хүнийг хүнээ илүү хүн болгочихгүй. Гэхдээ яг энэ үйлдэл эдийн засгийн үүднээс монголчуудад хохиролтой. Ямар ч татваргүй хар захын бизнес болж байгаа юм. Дээр нь өнөөдөр дийлэнх монголчууд маань тийм ч хангалттай сайхан амьдрахгүй байгаа. Иймээс ийм илүү зүйлд бид мөнгө зарах ёсгүй юм. Харин гэртээ хоол хүнс, хувьдаа хувцас хунар авч болох байлаа. Гэвч тэгсэнгүй.

Ийм сэтгэлгээг бид өөрсдөө бий болгочихсон. Харин үүнийг эх орны хөгжилд санаа зовох ёстой хүмүүс бага ч гэлтгүй анхаарах ёстой баймаар. Одоо байгаа үүрэн холбооны дугаарлалтыг нэг оронгоор өсгөхөд л монголчуудад хангалттай хүрэлцэхүйц дугаарлалт бий болох боломжтой юм шүү дээ. Бүр стандартад нийцүүлээд илүү оронтой болгосон ч болж байна.

Монгол кирил үсгийн латин хөрвүүлэг батлагджээ

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2012 оны 2 сарын 16 өдрийн хурлаар Монгол кирил үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт хэлэлцэн батлагджээ. Тэгэхлээр чадчин нөхдүүд энэ стандартаар үгээ бичээд эхэлчихвэл ойлголцоход хялбар болох юм байгаа юм. Цаашлаад энэ стандартаар нь галиглаж бичсэн латин текстийг шууд монгол кирилрүү хөрвүүлэхэд үл ойлголцол бий болохгүй болов уу.


Энэхүү стандартыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Ө.Сүхбаатар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич, (Sc.Dr) Д.Төмөртогоо, Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, Монгол улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал, профессор Ц.Өнөрбаян, Монгол улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессор Ж.Бат-Ирээдүй, Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэл, Монгол улсын их сургуулийн Компьютер менежментийн сургуулийн багш Д.Бямбажав, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо, технологийн сургуулийн багш, профессор Б.Сүхбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Т.Чимэдлхам, мөн яамны Шинжлэх ухаан, технологийн газрын ахлах мэргэжилтэн М.Дэлэгмаа, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг боловсруулсан байна.

Татах холбоос

Цахим иргэний үнэмлэхний "царай"

Ноён Сайханбилэг идэвхитэй ярьж ухуулсаар УИХ-ын гишүүдээр цахим иргэний үнэмлэхний төслийг батлуулж чадсан. Энэ сарын 16-нд Засгийн газрын хуралдаанаар "Цахим иргэний үнэмлэхийн загвар, нууцлал, тодорхойлолт, дүрмийг шинэчлэн батлах тухай" төслийн талаар хуралдаж баталсан. Ингэснээр Монгол улсад ашиглагдах цахим иргэний үнэмлэхний "Царай" бүрэн тодорхой болсон байна.

Хүн текстэн мэдээллээс зурган мэдээллийг хамгийн хурдан хүлээн авч ойлгодог гэсэн судалгаа байдаг. Ингээд цахим иргэний үнэмлэхний нууцлал, мэдээллийн багтаамжийг харуулсан зургаар мэдээллийг хүргэж байна.


Цахим иргэний үнэмлэхтэй болох нэн тэргүүний шаардлага нь тэдний цахим аргаар сонгууль авах хүсэлтэй байгаатай уялдаатай. Ямартай ч ганц сонгууль өгөхийн тулд биш цаашид бүрэн дүүрэн ашиглахын тулд хийгдэж байгаа ажил байгаасай гэж хүсэж байна.

Жич: Энэ ялтсанд арай л их мэдээлэл багтах ёстой доо.

Google Translate -д Монгол хэл багтана

Google translate гэж сайхан эд бий. Нэг хэлнээс нөгөө хэлрүү төвөггүй орчуулга хийдэг энэ үйлчилгээнд монгол хэл дээр орчуулга хийх боломж байхгүй ээ. Монгол хэлний бүтэн эхийг англируу орчуулах, англиас монголруу орчуулах ийм төрлийн програмчлалыг манай залуучууд хийх гэж оролдож байгаа хэдий ч хөрөнгө санхүү болоод туршлага дутаж байгаа нь үнэн.

Энэ төрлийн програмчлалд шинжлэх ухаанчаар хандах ёстой учраас нүр их хөдөлмөр, оюун ухаан орох нь ойлгомжтой. 2006 онд анх Англи болон Араб хэлний хооронд орчуулга хийж эхлэж байсан Google Translate гэх том үйлчилгээнд өнөөдөр 63 хэлний хооронд орчуулга хийх боломж бүрдсэн байна. Тэгэхлээр асар их мэдлэг, туршлага энэ багт бий болсон гэдэг нь ойлгомжтой. Тэдний хувьд МОНГОЛ ХЭЛийг google translate-д багтаачихад төвөггүй байж мэдэх юм.

Google-ын тэргүүн Eric Schmidt азын орнуудаар ажлын айлчлал хийхдээ монгол орноор мөн дайран өнгөрсөн байна. Ерөнхий сайт Батболдын өөрийн twitter дээр Eric Schmidt уулзалт хийх үеээрээ МОНГОЛ ХЭЛийг Google Translate-д оруулна гэж амласан гэж бичсэн байна.

Хэрэв Google Translate-д хэл маань багтчихвал монголын хөгжилд бага ч гэсэн нөлөөг цаад утгаараа үзүүлж чадах юм шүү.

Монголд явагдаж байгаа цахим сугалаанууд бодитой юу ?!

Нэгэн ядуу зүдүү хүмүүн байдаг. Тэр элбэг хангалуун, сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч тэр юу ч хийдэггүй. Харин бурханаас өдөр болгон сайхан амьдруулж өгөхийг гуйдаг. Эцэст нь тэр бурханы оронд очсон. Тэрээр бурханаас яагаад надад туслаагүй юм бэ гэж асууна. Харин бурхан түүнд "Ядаад чи сугалаа авахгүй яасан юм бэ" гэж хэлнэ.

Ийм үлгэрт орохгуйн тулд хүмүүс хонжворт оролцох аж. 

Нэг үеээ бодвол манай монголын байгууллагууд ажлаа хөнгөвчлөх, цаг хугацааг болон зардлаа хэмнэх зорилгоор хонжворт сугалааг цахим хэлбэрээр явуулах нь ихэссэн ажиглагдаж байна. Харин би зарим сугалаа бодитой гэдэгт эргэлзэж байна.

Учир нь цахим сугалааг явуулж буй програм хангамж чухамхүү ямар царчимаар, ямар алгоритмаар ажиллаж байгааг мэдэхгүйд байгаа юм. Таны өмнө цифрууд гүйгээд байгаа мэт харагдаж байгаа хэдий ч цаана нь X цифрийн үр дүнг аль хэдийнэ урьдчилан бэлдсэн байж болзошгүй. Мөн ихэнх програмчлалын хэлний цифр санамсаргүй сонгох random функц учир дутагдалтай үр дүн буюу сонголт нь давтагдсан, захын утгууд орох нь бага үр дүнг үзүүлдэг. Тэгэхлээр энэ төрлийн үйл ажиллагааг цэвэр, шударга явагдаж байгаа эсэхэд хяналт тавих шаардлага гарч ирж байгаа юм.  (Холбогдох байгууллагууд нь хяналт тавьж байгаа эсэх талаар мэдээлэл байхгүй байна.)

Хэрэв энэ талаар дорвитой дүрэм журам байдаггүй бол програм хангамжийн компаниудад бизнес хийх шинэ санааг дэвшүүлмээр байна.

Цифр санамсаргүйгээр гаргаж ирэх алдаагүй, баталгаатай алгоритм боловсруулж хонжворт сугалааг явуулж буй байгууллага, хувь хүн нь хонжворын цифрийг санамсаргүйгээр гаргаж ирэх албан ёсны алгоритмыг ашиглаж хонжворт сугалааны програм хангамжаа боловсруулсан байх ёстой гэсэн нөхцөл шаардлагыг бий болгож болно. Харин тухайн цифр санамсаргүйгээр гаргаж ирэх алгоритмыг хөгжүүлсэн програм хангамжийн компани уг алгоритмын сандаа баталгаа гаргаж, олон нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн байх ёстой. Ингээд хонжворт сугалаа явуулж буй байгууллагуудад тухайн сангаа борлуулж болох юм. 

Нөгөө талаас нь харж үзвэл цахим сугалаа явуулахыг дэмжих зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага энэ алгоритмыг гарган үнэ төлбөргүй тарааж заавал ашиглах ёстой гэсэн шаардлагыг тавих ёстой санагдах юм.

Спамдуулсаар байх уу

Энэ арай хэрээс хэтэрч эхэллээ. 1990 оноос эрчимтэйгээр цэцэглэж эхэлсэн SPAM гэх энэ ойлголт нь цахим хаягаар нь дамжуулан фишинг, нигерийн нухаш (үүний талаар эндээс уншиж болно), садар самуун гээд хууль бус үйл ажиллагаа бүхий мэдээллийг ашиглан хүний тархийг эргүүлэн залилан хийх зорилготойгоор явж ирсэн. Тэгвэл энэ ойлголт МОНГОЛ-д эрчимтэйгээр цэцэглэж байна. Гэхдээ арай өөр замаар.

Өнөөдөр имэйл маркетинг гэсэн сайхан нэрийн дор 10 -аас илүү тооны хувь хүн, албан байгууллага энэхүү SPAM-дах үйл ажиллагааг явуулсаар байна. Хэдийгээр имэйл маркетингийн үйлчилгээ дөнгөж гарч ирж байгаа ч SPAM болон маркетинг гэсэн ойлголтыг ялгах хэмжээний хэрэглэгчид цөөнгүй бий. Энэ SPAM-дах үйлчилгээг авч байгаа манай хэдэн байгууллагуудыг имэйл олон хүнд л очиж байвал бараа бүтээгдэхүүн нь борлогдоно гэж боддог бололтой. Ямарч subscription, unsubscription байхгүй имэйл маркетинг.

Чухамхүү энэ имэйлээр дамжуулан тус байгууллагын талаар ямар бодол хувь хүнд төрж байгааг тэд ойлгож байгаа болов уу. Бүр монголын урдаа барих хэмжээний томоохон групп, компаниуд хүртэл энэ замыг сонгож байгаад нь гайхаж байна. Эсвэл маркетеруудын туршлагагүй, чадваргүйнх байж бас болох юм.

Тэд ийм SPAM явуулсанаар асар их алдагдалд орж байгаагаа ч мэдэхгүй үүний төлөө төлбөр төлсөөр байна. Эсрэг талд нь энэ төрлийн имэйлийг авч байгаа хувь хүн ч хохирч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Монголын Харилцаа холбооны Зохицуулах Хороо хүний comment устгах ажил хийж байснаас SPAM-ын эсрэг хууль, журам боломсруулмаар байна. Эрх бүхий албан тушаалтан нь үүнийг сонсоосой, мэдээсэй, уншаасай.

Цаана чинь SPAM явуулсаныхаа төлөө хэдэн жил сууж байгаа хүмүүс бас байна. Ингэдэггүй юм аа гэхэд SPAM-даж байгаа байгууллагуудыг сайхан хаширтал нь ТОРГОХ юмсан. Тэгвэл миний санаа амрах гээд байна.

Саяханыг хүртэл гар утсаар дамжуулан SMS ашиглан мөн SPAM-дах ажиллагааг МОБИКОМ тэргүүтнүүд хийж ирсэн. Одоо харин гайгүй болсон мэт.


Зөвлөмж: 
Хэрэв таньд энэ төрлийн имэйл ирдэг бол тухайн имэйл unsubscription гэсэн товч байвал түүнийг дарж өөрийн имэйлыг жагсаалтаас нь хасуулж болно. (Монголд энэ гэхдээ ажилладаг нь цөөхөн)
Энэ тохиолдолд дахин имэйл ирээд байвал имэйлынхээ "mark as spam" гэсэн товчоор тухайн имэйлыг SPAM-д бүртгэхийг санал болгож байна.



Монголоос интернэт хаяг дуудах хурд 50 дахин нэмэгдэнэ


Монгол улс хэрэглэж буй интернет сүлжээнийнээ төлөө томоохон алхам хийлээ.Мобиком корпораци болон Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар нь APNIC буюу Ази, номхон далайн бүс нутгийн сүлжээ, мэдээллийн төвтэй хамтран ажиллаж, интернэтийн хамгийн чухал зангилаа төв болох F-root серверийг суурьлуулжээ.

Ингэснээр Монголоос интернэтийн хаяг дуудах хурд одоогийнхоосоо 50 - 60 дахин нэмэгдэх ач холбогдолтой. Үр дүнг зөвхөн дуудагдах хурдаар хязгаарлаж болохгүй бөгөөд энэ хурдыг даган хүмүүсийн ажлын бүтээмж тэр хэрээр сайжрах сайн талтай гэж ойлгож болох юм.

Түмэн үү Түмнүүүд үү?

10 жилийн монгол хэлний боловсрол минь ойрд үгүй болж байх шиг санагдах юм. Хэл, бичиг гэдэг он жил ахих тусам хөгжиж байдаг ч уламжлагдан хадгалагдаж байгаа зүйлс дээрээ "дөрөөлөн" чанагшладаг нь дамжиггүй бизээ.

Гадуур явж байгаад их сонин самбар олж харлаа. "Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам" гэнэ. Энэ том наадам зохион байгуулж байгаа улс иймхэн юман дээр алдав уу, би хоцрогдов уу.

Түмэн гэдэг үг маань өөрөө олон тоог илэрхийлсэн утгатай. Тэгвэл үүн дээр олон тооны нөхцөл залгах шаардлага байна уу. Хэлэхэд ч төвөгтэй баймаар. Үүнтэй төстэй хүн бүрийн гаргадаг алдаа бол охид, охидууд  гэдэг үг байдаг. Энийг бол нэгэнт өнгөрсөн гэж ойлгож болохсон. Харин ТҮМНҮҮД бол арай ондоо юм.

Монголчууд Keyboard-д компьютер багтаана

Бүх нийтийг компьютержуулах хөтөлбөр, сурагчдын компьютер(ногоон) гээд засгийн газраас түлхэцтэй томоохон хөтөлбөрүүд өнгөрсөн жилүүдэд хийгдсэн билээ. Эдгээр хөтөлбөрүүдийн гол зорилго нь чадвар сайтай компьютерийг хямт үнээр бий болгох зорилготой байсан. Хэдийгээр хямд гэж хэлж байсан боловч тухайн үзүүлэлтийнхээ хувьд ахадсан үнэтэй компьютруудыг ч энэ үеээр нэлээд "далдруулж" амжсан боловуу.

Тэгвэл энэ үйл явдлаас улбаатайгаар ШУТИС-ын багш доктор Н.Сүхбаатараар ахлуулсан баг компьютерийн keyboard-д компьютерийг багтааж хямд зардлаар компьютер бий болгох төсөл эхлүүлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа ажээ.

Тайваны нэгэн их сургууль компьютерийн эх хавтанг (board) -г ганцхан chip-д багтаасан дэвшилтэд санаа гаргасан бөгөөд уг технологийг ашиглах албан ёсны зөвшөөрлийг монголын талаас авч Keyboard PC гаргах ажилдаа ашиглаад байгаа юм байна.

Монголоо сурталчилж Google Doodle зурцгаая

Анх зөвхөн textbox, button-той эхлэж байсан google хайлтын хуудас өдгөө бүхний эхлэл болж чадсан байна. Тэд интернетийн хайлтын асар том зах зээлийг эзлээд зогсохгүй маркетинк, сурталчилгааны том зах зээлийг үүгээрээ дамжуулан бий болгож чадсан юм.

Хамгийн энгийн жишээ гэхэд та бидний өдөр бүр харж байдаг google Logo-г аливаа зүйлыг илэрхийлсэн хэлбэртэй зурсан байхаар 1998 онд анх санаа гаргаж байсан байдаг байна. Үүнийг Google Doodle гэдэг. Өнөөдөр ямар нэгэн тэмдэглэлт баяр, алдар нэртэй хүний төрсөн өдөр, шинэ нээлтийн ой зэргийг тохиолдуулан түүнтэй холбоотой утга санаа бүхий Google Doodle -г бүтээсээр байгаа билээ.

Энэ нь зөвхөн хайлт хийх гэж байгаа хүнд сонирхолтой, хөгжилтэй байгаад зогсохгүй тухайн зүйлийг шууд сурталчилсан мэдээллийн шинжтэй маш том ажил болж чаддаг юм.
Энэ зураг гэхэд л анхны хүн сансарт ниссэн өдөрт зориулан гаргасан лого юм.

Тэгвэл Монголчууд бид эх орноо google doodle ашиглан сурталчилж яагаад болохгүй гэж. Ирэх наадмаар google-ын лого монгол үндэсний ялангуяа наадмын шинжтэй харагдаж байвал танд ямар санагдах вэ?
Тэгвэл ЭНЭ холбоосоор орж өөрийн Google Doodle-ыг зурж илгээнэ үү. Хамгийн шилдэгээр шалгарсан зургийг Google Doodle-руу илгээх болно.

Хэрэв та HTML5 сонирхдог бол энэ мэт хөдөлгөөнт Google Doodle -ч мөн хийж болох юм.

Unitel Group байгуулагдлаа

Монголын мэдээллийн технологийн компаниуд дунд нэгэн том групп үүсэж байна. Энэ нь MCS holding-аас төрж гарч байгаа 2 группын нэг нь юм.

Мэдээллийн технологийн чиглэлд байгуулагдаж буй Unitel Group нь Skynetcom (Интернэт протоколд суурилсан суурин телефон утасны оператор), Skynetwork (сүлжээ,шилэн кабель), MCSCOM (ISP), Univision (Монголын анхны IPTV), Unitel (Монголын 3-дагч үүрэн утасны оператор) гэсэн компаниудыг өөртөө нэгтгэн байгуулагдаж байна. Unitel Group-ын ерөнхийлөгчөөр Энх-Амгалан томилогдсон ажээ.

Дашрамд нь Unitel Group-ын логоны утга учрыг доорх тайлбараас сонирхоно уу.

Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2011 оны .... дугаар тогтоолын хавсралт

ТООН КОНТЕНТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА

Нэг. Ерөнхий зүйл
1.1 Харилцаа холбооны тухай хуулийн 8.1, 9.1.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.3-д заасныг тус тус үндэслэн харилцаа холбооны сүлжээгээр контентын үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү ерөнхий нөхцөл шаардлагыг баримтлана. 1.2 Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид “Зохицуулах хороо” гэх) болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч, контентын агрегатор, контент нийлүүлэгч, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч, контент хостингийн үйлчилгээ эрхлэгч нар контентын үйлчилгээтэй холбогдсон харилцаанд энэхүү зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Хоёр. Нэр томъёоны тодорхойлолт
2.1 “Контент” гэж харилцаа холбооны сүлжээгээр дамжиж байгаа тэмдэгт, дохио, текст, зураг, дуу, авиа, дүрс, бичлэг болон бүх төрлийн мэдээ мэдээллийг тоон хэлбэрт хувиргасан бүтээгдэхүүн; Энэхүү контентид дараахь зүйлс хамаарахгүй. Үүнд:
  • цахим шуудан, балк болон спам захидал;
  • хувь хүмүүсийн хоорондын харилцаа (Жишээ нь: телефон яриа,
факс, Айпи телефон яриа гэх мэт)
2.2 Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч (цаашид “үйлчилгээ эрхлэгч” гэх) нь контентыг хүргэгч суваг ба контентын үйлчилгээг өөрийн хэрэглэгчдэд дамжуулан хүргэх боломжийг хангасан сүлжээ бүхий эсхүл бусдын сүлжээ ашиглан дээрхи боломжийг хангасан, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд; Үүнд дараахь үйлчилгээ эрхлэгчид хамаарна:
  • үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч;
  • интернэтийн үйлчилгээ эрхлэгч;
  • Айпи ТВ-ийн үйлчилгээ эрхлэгч;
  • Мобайл ТВ-ийн үйлчилгээ эрхлэгч ;
  • тоон контентыг дамжуулах бололцоог олгож байгаа бусад үйлчилгээ эрхлэгчид.
2.3 “Контентын агрегатор” (agreggator) гэж контент нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжуулахын тулд өөрийн тоног төхөөрөмж, программ хангамжийг ашиглан хувиргах, тохируулах, борлуулах зорилготой контентын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд;
2.4 Контент нийлүүлэгч гэж бүтээгдэхүүний зохиогчийн эрхийг эзэмшигч, эсхүл контентыг хөгжүүлэн контентын агрегаторд нийлүүлдэг хувь хүн, хуулийн этгээд; Үүнд дуучид, хөгжимчид, зохиолчид гэх мэт мэдээллээр хангагчид, болон програм хангамж ашиглан контентыг бий болгогчид;
2.5 Контент хостингийн үйлчилгээ эрхлэгч гэж өөрийн сервер дээр вэб болон бүх төрлийн цахим өгөгдлийг байршуулж, тэдгээрт хэрэглэгчид харилцаа холбооны сүлжээ ашиглан хандах боломжийг олгодог үйлчлэгч;
2.6 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч гэж харилцаа холбооны сүлжээ ашиглан олон нийтэд мэдээ, мэдээлэл болон бусад бүх төрлийн контентыг хүргэдэг иргэн болон хуулийн этгээд.

Гурав. Тусгай зөвшөөрөл
3.1 Контентын үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Харилцаа холбооны тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн Зохицуулах хорооноос баталсан нөхцөл шаардлага, холбогдох журмын дагуу олгоно.
3.2 Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ил тод нээлттэй байлгана.
3.3 Тусгай зөвшөөрлийг олгохдоо дараахь зарчмыг баримтлана:
3.3.1 тухайн зах зээлийн багтаамж, хүн амын тоо, нягтрал, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөний нөхцөл байдлын судалгаанд үндэслэх;
3.3.2 аливаа нөлөөллөөс үл хамаарах, ил тод, шударга байх;
3.3.3 ялгаваргүй арга замаар олгох.
3.4 Контентын үйлчилгээний тусгай зөвшөөрлийг дараахь төрлөөр олгоно:
3.4.1 контент хостингийн үйлчилгээ;
3.4.2 контент агрегатор.
- Онлайн (онлайн болон оффлайн хэлбэрийн аль ч төрлийн тоон контентын үйл ажиллагаа явуулах боломжтой этгээд байна)
- Мобайл (үүрэн холбооны хэрэглэгчийн гар утасны функц, үйлдлийн системд тохируулан бүтээсэн тоон контентын үйл ажиллагаа явуулах боломжтой этгээд байна)
3.5 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн хандалтын дундаж нь нэг сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдолд Зохицуулах хороонд бүртгүүлнэ.
3.6 Тоон контентыг ашиглан арилжааны зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа вэб сайтыг контент агрегатор гэж үзнэ.
3.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, үүрэг, хариуцлага, үндсэн үйл ажиллагаатай холбоотой харилцаагаа бусдад шилжүүлэхийг хориглоно.

Дөрөв. Контентын агуулгад тавигдах шаардлага Дор дурдсан болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн контент бүтээх,түгээхийг хориглоно:
4.1 Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн дагуу эротик төрлийн контентыг агуулсан, садар самууныг илэрхийлсэн;
4.2 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасан зүйлсийг сурталчилсан, илэрхийлсэн;
4.3 Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн дагуу үндэсний эв нэгдлийг бусниулах чиглэлээр сурталчилгаа явуулсан;
4.4 Эрүүгийн хуулийн 1783 дугаар зүйлийн дагуу терроризмийг сурталчилсан;
4.5 Эрүүгийн хуулийн 179 дугаар зүйлд заасан нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан;
4.6 Эрүүгийн хуулийн 144 дүгаар зүйлийн дагуу шашны харгис үзэл номлолыг сурталчилсан;
4.7 Mансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1.2-д заасан зүйлсийг илэрхийлсэн;
4.8 Зар сурталчилгааны тухай хуулийн 6-р зүйлийн 6.5.5, 6.5.7, 6.5.8 болон 7-р зүйл, 13.4, 13.6, 13.8, 14-р зүйл, 16-р зүйл, 17.2-д заасан зар сурталчилгаа
агуулсан;
4.9 Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1, 12.2, 20.1, 21.1, 22.1, 25.1 –д заасныг зөрчиж, зохиогч эсхүл эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг нь ашигласан;
4.10 Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан согтууруулах ундаа сурталчилсан;
4.11 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.6-ийн дагуу хүүхдийн хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлсэн;
4.12 Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5-д заасан зүйлсийг илэрхийлсэн;
4.13 Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйл 7.2.3-ийн дагуу эротик төрлийн контентыг агуулсан.

Тав. Үйлчилгээ эрхлэгчид тавигдах шаардлага
Үйлчилгээ эрхлэгчид дараахь нөхцөл шаардлага тавигдана:
5.1 Үйлчилгээ эрхлэгч нь контентын агрегаторт тавих нийтлэг нөхцөл шаардлагаа ялгаварлахгүй, ижил нөхцөл бололцоогоор хангах зарчмыг баримтлан тогтоож, олон нийтэд ил тод байлгана. Энэхүү нөхцөл шаардлагыг Зохицуулах хороогоор хянуулна.
5.2 Контентын чанарыг бууруулахгүй, агуулгыг өөрчлөхгүйгээр дамжуулах боломжийг бүрдүүлсэн байна.
5.3 Интернэтийн үйлчилгээ эрхлэгчээс бусад үйлчилгээ эрхлэгч нь өөрөө контентын агрегатор байж болохгүй.
5.4 Шинээр хэрэглэгч бүртгэхдээ хэрэглэгчийн хүсэлтээр энэхүү нөхцөл шардлагын 4.11-4.13 дугаар зүйлд заасан контентид нэвтрэх, үзэх, татаж авах, хандалтыг хязгаарлах боломжийг бүрдүүлнэ.
5.5 Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нь агрегаторыг өөрийн төлбөр тооцооны системтэй байх боломжийг нээлттэй байлгана.
5.6 Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчийн контентын үйлчилгээнээс авах орлого нь хэрэв контентын үйлчилгээнд өөрийн төлбөр тооцооны системийг ашиглаж байвал 20 хувиас, бусад тохиолдолд 10 хувиас хэтрэхгүй байна (хүснэгтээр харуулав).
Хүснэгт 1: Контентын үйлчилгээний орлого хувиарлалт
Оролцогч талууд Үйлчилгээ эрхлэгчийн төлбөрийн системийг ашиглаж буй бол Бусад тохиолдолд Үйлчилгээ эрхлэгч < 20% < 10% Контентын агрегатор > 80% > 90%
5.7 Төрөөс баримтлах чиглэлийн дагуу интернэт хаягийн дараагийн (IPv6) хувилбарт шилжинэ.
5.8 Зохицуулах хорооноос зарласан зөрчилтэй интернэт хаягийг (IP address) өөрийн серверээр дамжуулан интернэтэд холбохгүй байх үүргийг интернэтийн үйлчилгээ эрхлэгч хүлээнэ.
5.9 Өөрийн үндсэн үйлчилгээ болон контентын үйлчилгээний талаархи ялгаа заагийг тодорхой тусгасан заавар зөвлөмж, үнэ тарифын мэдээллээр хэрэглэгчдийг хангана.
5.10 Контентын үйлчилгээний үнийг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдсэн байх бөгөөд төлбөр тооцоог хэрэглэгч өөрийн билл дээр контентын агрегатор тус бүрээр нь хянах боломжийг олгоно.
5.11 Зохицуулах хороонд контентын үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгнө.

Зургаа. Контентын агрегаторт тавигдах нөхцөл шаардлага
Контентын агрегаторт дараахь нөхцөл шаардлага тавигдана:
6.1 Контент агрегатор нь контент нийлүүлэгчид тавих нийтлэг нөхцөл шаардлагаа ялгаварлахгүй, ижил нөхцөл бололцоогоор хангах зарчмыг баримтлан тогтоож, олон нийтэд ил тод байлгана. Энэхүү нөхцөл шаардлагыг Зохицуулах хороогоор хянуулна.
6.2 Контентын үйлчилгээнээс авах орлого нь 50 хувиас доошгүй байна.
6.3 Хэрэглэгчид хүргэх контент нь энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийг зөрчсөн эсэхэд хяналт тавих үүрэг хүлээх бөгөөд чанарын шаардлага хангасан контентээр үйлчлнэ.
6.4 Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийг зөрчсөн тохиолдолд зөрчлийг гарсан даруйд нь таслан зогсоох техникийн боломж, нөхцлийг хангасан байна.
6.5 Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4.11-4.13-д заасан контентээр үйлчлэхдээ хэрэглэгчидэд 18-аас дээш насныханд зориулсныг урьдчилан сануулсан байх ба хэрэглэгчийн хүсэлтээр контентын үйлчилгээнд тодорхой хязгаартайгаар хандалт хийх боломжийг бүрдүүлсэн байна.
6.6 Холбоо барих мэдээлэл, хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авах төлөөлөгчийн газрын хаяг болон утасны дугаар зэрэг мэдээллийг олон нийтэд нээлттэй байлгана.
6.7 Контентын үйлчилгээний үнийг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдсэн байх ба үйлчилгээ эрхлэгч нь төлбөр тооцооны зарчим, төлбөр тооцоог хэрэглэгч хянах боломжийг олгоно.
6.8 Зохицуулах хороонд контентын үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгнө.

Долоо. Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид тавигдах нөхцөл шаардлага
Вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид дараахь нөхцөл шаардлага тавигдана:
7.1 Хэрэглэгчийн хандалтын дундаж нь нэг сарын хугацаанд өдөрт гурван мянгаас давсан тохиолдолд Зохицуулах хороонд бүртгүүлнэ.
7.2 Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоно.
7.3 Хэрэглэгч контент үүсгэх боломжтой, хэрэглэгчийн сэтгэгдэл үлдээх хэсэгтэй бол дараахь зохицуулалтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлнэ. Үүнд:
7.3.1 Зохицуулах хорооноос ажиллуулж байгаа үгийн шүүлтүүр программыг заавал ашиглах;
7.3.2 Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу үйлчилгээг ашиглахыг сануулсан нөхцөл шаардлагыг зөвшөөрсөн хэрэглэгчийг контент үүсгэх боломжоор хангах;
7.3.3 Хэрэглэгч аль нэг өөр хэрэглэгчийн үүсгэсэн контентыг хууль бус, нийтийн ёс зүйд сөрөг нөлөөтэй гэж үзвэл саналаа илэрхийлэх, саналын тооноос хамааран тухайн контентыг арилгах боломжийг бүрдүүлэх;
7.3.4 Хэрэглэгчийн интернэт хаягийг (IP address) хэрэглэгчийн үүсгэсэн контентын дээр нийтэд харагдахуйц байрлуулах;
7.3.5 Хэрэглэгчийн үүсгэсэн контентыг 4 дүгээр бүлгийн заалтыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд түүнийг арилгах;
7.4 Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр бүлгийг зөрчсөн контентыг үүсгэсэн хэрэглэгчийн интернэт хаягийг (IP address) вэб сайтын үйлчилгээ эрхлэгч эсхүл эрх ашиг нь хөндөгдсөн этгээд нь Зохицуулах хороонд нотлох баримтын хамт ирүүлж болно.
7.5 Вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4.11- 4.13-д заасан контентээр үйлчлэхдээ хэрэглэгчидэд 18-аас дээш насныханд зориулсныг урьдчилан сануулна.

Найм. Контент хостингийн үйлчилгээ эрхлэгчид тавигдах нөхцөл шаардлага
Контент хостингийн үйлчилгээ эрхлэгчид дараахь нөхцөл шаардлага тавигдана:
8.1 Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр бүлгийг зөрчсөн контентыг байршуулахгүй байна.
8.2 Зохицуулах хороонд контентын үйлчилгээтэй холбоотой шаардлагатай мэдээллийг гаргаж өгнө.
8.3 Интернэт хаягийн дараагийн (IPv6) хувилбарт шилжих төрөөс баримтлах төлөвлөгөөний дагуу бэлтгэж шилжилтийг хийнэ.

Ес. Хяналт
9.1 Зохицуулах хороо энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлд зааснаас бусад заалтуудад хамаарах хяналтыг хэрэгжүүлнэ.
9.2 Зохицуулах хороо хяналтыг хэрэгжүүлэхдээ дараахь арга хэрэгслийг ашиглана:
9.2.1 Хэрэглэгч, байгууллагын өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийх;
9.2.2 Контентын агрегатор, хостингийн болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгчээс шаардлагатай мэдээ, тайлан гаргуулах; 9.3 Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлд дурдсан агуулгын хяналтыг холбогдох хуульд заасан эрх бүхий хяналтын байгууллага хэрэгжүүлнэ.
9.4 Зохицуулах хороо вэб сайтын үйлчилгээ эрхлэгч эсхүл эрх ашиг нь хөндөгдсөн этгээдээс ирүүлсэн зөрчилтэй интернэт хаягийг (IP address) бүртгэж зарлан холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна.

Арав. Гомдол маргаан шийдвэрлэх
10.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь өргөдөл, гомдол хүлээж авч, шийдвэрлэх өөрийн журамтай байх ба өргөдөл, гомдол хүлээж авах хаяг, утас зэрэг мэдээллийг ил тод мэдээлнэ.
10.2 Гомдол, маргаантай асуудлыг маргалдагч талууд шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд шаардлагатай бол Зохицуулах хороонд хандаж болно.
10.3 Харилцаа холбооны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн дагуу Зохицуулах хороо бүрэн эрхийнхээ хүрээнд гомдол, маргааныг шийдвэрлэхдээ Зохицуулах орооноос баталсан “Гомдол, маргааныг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ыг мөрдлөг болгоно.

Арван нэг. Хариуцлага
11.1 Энэхүү ерөнхий нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зохицуулах хороо нь зөрчлөөс хамааруулан тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан эдийн засгийн хариуцлага хүлээлгэх эсхүл холбогдох хууль тогтоомжийн дагуу дараахь шаардлагатай арга хэмжээг авна:
11.1.1 зөрчлийг арилгуулах тухай хугацаатай үүрэг даалгавар, шаардлага өгөх;
11.1.2 захиргааны хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахуулахаар холбогдох хяналтын байгууллагад мэдэгдэх;
11.1.3 тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох тухай сануулах;
11.1.4 тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх;
11.1.5 тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох.
11.2 Зохицуулах хороо нь хэрэглэгч болон холбогдох байгууллагын гомдол, өргөдөл дээр үндэслэн холбогдох хууль хяналтын байгууллага болон контентын агрегатор, вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэл хүргүүлнэ.
11.3 Зохицуулах хороо холбогдох хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн хууль, тогтоомж зөрчсөн тухай албан ёсны шийдвэр, дүгнэлтийг доор заасан арга хэмжээ авахыг контентын агрегатор, вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэнэ.
11.3.1 Мэдэгдэл хүлээн авснаас 24 хүртэлх цагийн дотор уг зөрчлийг арилгах арга хэмжээ авч хариуг мэдэгдэх;
11.4 Хэрэв заасан хугацаанд зөрчлийг арилгахгүй бол уг контентын агрегатор болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээг зөрчил арилтал түр зогсоох тухай мэдэгдлийг Зохицуулах хорооноос үйлчилгээ эрхлэгчид өгнө.
11.5 Үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооноос мэдэгдэл өгсөн тохиолдолд доор заасан арга хэмжээг 24 хүртэлх цагийн дотор авна.
11.5.1 Үйл ажиллагааг нь түр зогсоох тухай контентын агрегатор болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгчид мэдэгдэх;
11.5.2 Контентын агрегатор болон вэб сайтын үйлчилгээ эрхлэгчийн үйлчилгээг зөрчил арилтал зогсоож, хариуг Зохицуулах хороонд мэдэгдэх;
11.6 Дээрхи зөрчил давтагдсан тохиолдолд Зохицуулах хороо нь энэхүү ерөнхий нөхцөл шаардлагын 11.1.3 - 11.1.5–д заасан арга хэмжээг авна.
11.7 Гаргасан зөрчил, зөрчлийг арилгуулахаар авсан шийдвэрийг Зохицуулах хороо тухай бүр холбогдох талууд болон олон нийтэд ил тод мэдээлнэ. 11.8 Зохицуулах хороо нь контент агрегатор, вэб сайтын үйлчилгээ эрхлэгч болон үйлчилгээ эрхлэгчээс авсан бизнесийн болон хэрэглэгчдийн мэдээллийг зөвхөн зохицуулалтын үйл ажиллагаанд ашиглана.

Монголын мэдээллийн томоохон сайтуудын өнөөгийн төрх

Монголчууд Internet-ыг ашигласаар багахан хугацааг өнгөрөөсөн боловч хангалттай хэмжээний хэрэглээг өдгөө бий болгож чадсан улс. Өөрөөр хэлбэл цадчихсан. Зарим нь бүр хахаж цацаж буй.

Интернеттэй ажил төрөл нь холбоотой болсон, түүнээс өөрийн орлогоо бүрдүүлж байгаа томоохон компаниуд, хувь хүмүүсийн тоо ч 2 оронтой тооноос илүү гарчихсан бизээ.

Хэдий ийнхүү гахай мэт газраа ухахаас өөр замаар хөрөнгө босгож байгааг сайшаахуйц боловч хэн нэгэн нь чичлэхгүй бол болохгүй зүйлс бас мэр сэр харагдсаар байх юм. Хүн хэдий ухаантай ч хэлэхгүй бол ухаарахгүй, цаас хэдий нимгэн ч чичлэхгүй бол цоорохгүй гэж сайхан үг бий байхаа. (Гэвч бид хэлэхэд ухаарахгүй чичлүүлэх гээд байдаг болждээ.) Холбогдох хүмүүс нь зөвөөр ойлгоно гэж найдъя.

Доорх бодомжийг мөнгө ЦАГААН нүд УЛААН гэж тодотгож байна.

1. ШАР
Монгол компаниуд дундаас хамгийн анх интернетээр ихээхэн мөнгө босгож чадсан компани бол Olloo.mn гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Хэдийгээр хамгийн анхны мэдээллийн маш том сайт байж чадсан тэд хувьцаагаа гаргаснаас хойш мөнгөө арай өөр зүйлд зарцуулж үндсэн ажлаа мартчихсан улс.

Монголчууд дөнгөж интернетийн зах зухруу нийтээрээ хошууран орж байсан тухайн үед жижиг сажиг зүйлээр ч гэсэн тэд чамгүй орлого олсон. (Зураг, тоглоом ч гэх шиг одоо бодоход ямар ч хэрэгцээгүй зүйлс дүүрэн.) Тэд их хэмжээний мөнгө босгож чадсан хэрнээ эргээд түүндээ хөрөнгө оруулалт хийж чаддаггүй бололтой. Ядаад л тэд ө, ү -ийн асуудлаа шийдэж чадалгүй тоолохуйц жилийг ардаа орхилоо. Нэг үгээр тэд технологитоо unicode нэвтрүүлж чадахгүй байна гэхлээр өмнөөс нь ичмээр. Olloo анх гарч ирсэн яг л хэвээрээ өөрчлөгддөг ч үгүй сайжирдаг ч үгүй. Одоо тийшээ мэдээ унших гэж хүн ордог гэвэл хувьдаа би гайхна.

2. ЦЭНХЭР
Olloo-ийн дараагаар Gogo.mn. Шинэлэг, эрч хүчтэй, өнгөлөг. Тэдний хамгийн том давуу тал мэдээллийг маш хурдан шуурхай хүргэж чаддаг байв. Энэ цаг мөчөөс хүмүүс gogo-г сонгож Olloo-г энд орхисон гэж хэлж болно. Тиймээс тэд монголын интернет мэдээллийн зах зээлд дангаар шахуу ноёрхох болсон. Тэд маш богино хугацаанд хангалттай хэмжээний хөрөнгийг босгож чадсан.

Gogo өөрсдийгөө хүний оюуны өмчийн тал дээр хатуу чанга байр суурьтай гэдгээ харуулахыг зорьсоор ирсэн нь өдгөө талаар боллоо. Саяхан WAW гэх шинэ булан нээсэнгээ сүр дуулиантай зарласан. Бүх насныханд гэж "UBZONE" шиг худлаа уриатай. Үүн дээрээ харин ч нэг warez-даж байна даа. Осолдохгүй л монгол хамтлаг дуучдын дууг тавихгүй байна.

Дээр нь томоохон сайт учраас хөгшин залуу, насны ялгаагүй хүмүүс орж байгаа гэдгийг тэд мартсан бололтой. Зурмал porno зураг оруулчаад түүнийгээ эртний урлаг гэж андуурч яваа улс. Мөнгө олж болно. Гэхдээ өөрсдийгөө бусдыг тэргүүлж үлгэр дуурайл үзүүлэх том үүрэг дагаж яваа гэдгийг мартсан бололтой.

3. УЛААН
Урд ургасан эвэрнээс хойно ургасан чих илүү гэдэгдээ. News.mn гарч ирж Gogo-ын ноёрхолыг чамгүй хэмжээгээр багасгаж чадсан. Хэдийгээр мэдээллийн том хэмжээний сайт байж чаддаг тэд нэг талруугаа Баабар ахын мэдэл доор ч байдаг юм шиг. Түүний нийтлэлийг АЯГҮЙ том толгой мэдээлэл болгож ямагт гаргана. Сонин. Мөн нэг baabar.mn гээд наалдсан хэсэгтэй. (Baabar.mn яривал бас юм бий.)

Мөн анх гарч ирэхдээ л xopom гэж хажуудаа нэг warez авч явж байсан. Ямар ч өөрсдийн гэсэн оюуны өмчийн бодлогогүй нь эндээс шууд харагдчихсан. Одоо бүр давраад ID гэж булан нээгээд хувь хүмүүсийн facebook-ын зургийг тэр зураг нэмлээ гээд нийтэлчихдэг болж. Нөгөөдүүл нь ч адилхан улс өөрсдийгөө их л том сайт дээр гарч байгаа бас том ОД гэж боддог байх.

4. АЛАГ БИШ ЭРЭЭН
Ийнхүү энэ 3-ыг монголын мэдээллийн томоохон сайт гэж хэлж болох юм. Мэдээж Olloo-г хасчихад бас буруудах зүйлгүй тодорхойлолт. Бусад мэдээллийн сайтууд нь бас эдгээрээс болон сонингоос хуулбар учир дурдахгүй өнгөрөөж болно гэж бодож байна.

Gogo.mn, News.mn сайтууд бүгд үндсэн хуудсандаа видео рекламтай. Хувь хүнээс ямар ч зөвшөөрөлгүйгээр ресоурсыг нь барж уг рекламууд нь шууд автоматаар эхэлдэг. Тэд bbc, cnn гээд мэдээллийн томоохон сайтуудыг дуурайх дуртай. Тэнд видео реклам яаж ашиглаж байна үзээрэй гэж нөхөрсөг зөвөлгөө өгье. Мөн ямар ч сайт News.mn шиг маш том flash banner-ыг нэг дор 5, 6 -аар нь оруулдаггүй гэдгийг санаарай. (Соёлтой мөнгө хийлдээ. Балайр шуналтай.)

Дээр нь бүх мэдээллүүд нь хуулбар өөрсдийн гэсэн байр сууринаас мэдээлэл хүргэж байгаа ганц ч чанартай нийтлэл байхгүй. Хэрэв байшингийн тухай мэдээлэл хүргэж байгаа бол ядаад нэг нь яагаад байшингийн нөгөө талд нь гараад тийм байна гээд мэдээлэл хүргэж чадахгүй байгаа юм бэ? Бараг Монголын сонингуудыг мөлжиж байгаа гэж хэлж болохуйц. Үүнээс болж сонин захиалж байгаа хүнийг би гайхдаг. Интернетээс уншиж болох мэдээллийг худалдаж авч байгаатай ялгаагүй болчиж байгаа юм. (Тэд бас сонингийн мэдээллээ манайх танайх гэж булаацалддаг гээд байгаа биз.) Харин өөрсдийнх нь сэтгүүлчдийн нийтлэж байгаа нийтлэлүүд нь ЧАНАРГҮЙ, эсвэл ШАР.

5. БУДАГ
Эцэст нь цэвэр мэдээллийн чанартай зах зээлрүүгээ орох цаг болсон гэж хэлмээр байна. Менежментээ зөв зүгт чиглүүлж сэтгүүлчдээ мэргэжлийн түвшинд хүргэмээр байна. Ядаад сэтгүүлчдээсээ монгол хэлний зөв бичгийн шалгалт авч үз. Чадахгүй байгаад нь монгол хэлний багш цагаар авч зөв бичгийн дүрэм заалга. Цагийн багшийн төлбөрт гаргачих хөрөнгө гайгүй хураасан гэж бодож байна.

Чингис хаан "Ногооров"

Дэлхийн экологи судлалын төвийн мэргэжилтнүүд монгол түмний аугаа удирдагч Чингис хааныг арай өөр өнцгөөс харсан дүгнэлт гаргаж шуугиан тарилаа. Европчуудын хувьд Чингис хаан бол алан хядагч байсан гэсэн ойлголтыг арай эерэг талаар нь ойлгуулахуйц мэдэгдлийг тэд хийсэн байна.

Тэд Чингис хааныг бүх цаг үеийн хамгийн “НОГООН” (green) удирдагчаар зарлажээ. Учир нь их хааны байлдан дагуулалт нь дэлхийн байгаль, эко системийн нөхөн төлжилтөд хүчтэй дэмжлэг болохуйцаар нөлөөлсөн гэж үзэж байна.

Судалгаагаар Чингис хааны байлдан дагуулалтын үед ойролцоогоор 40 сая хүн ам үрэгдсэн бөгөөд энэ нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээг 700 сая тонноор багасгасан гэнэ. Нэг үгээр энэ үхсэн нөхөд амьд байсан бол 700 сая тонн хүчилтөрөгч хэрэглэж төдий хэмжээний нүүрстөрөгч ялгаруулах байсан гэсэн үг.

Үүгээр зогсохгүй ингэж үй олноор хүн амыг богино хугацаан цөөлсөн нь хүний гараар сүйдэж байсан ой мод, газар тариаланд ашиглаж байсан газар нутгийг эзэнгүй болгож байгалийн жамаар нь нөхөн сэргээгдэх боломжийг олгосон нь урьд хожид байгаагүй онцгой өөрчлөлт болсон гэжээ. Гол нь нүүрстөрөгчийн хий багассанаар дэлхий бага хэмжээгээр ч гэсэн сэрүүн болсон гэж тэд онцолж байна.

Хүн ам хурдацтай өсөж буй өнөө үед бидний тулгамдсан асуудал дэлхийн дулаарал гэдгийг хүн бүр мэдэж байгаа хэдий ч дорвитой алхам хийж чадахгүй байгаа билээ.

Интернетээр замын бөглөөсийг мэдэе гэвэл

Улаанбаатар хотын оршин шуугчдийн нэгэн том асуудал бол замын түгжрэл. Өглөө ажилдаа ирэхдээ алхах машинаар явах хоёр ямар ч зөрүүтэй үр дүн үзүүлж болзошгүй. Азгүй өдөр бол ажилдаа машинаар очно гэдэг бол бүтэхгүй хэрэг. Тэгвэл гэрээсээ гарахдаа ямар зам хаагуураа хэр ачаалалтай байна, түгжирчүү бөглөрчүү аль эсвэл цагдаа зогсоод хаачихаж үү гэдгийг мэдэж болохоор болсон байна.




its.mn сайт дээр Зам тээврийн дэвшилтэт систем(Intelligent Transportation System) -ын тусламжтай энэ бүхний мэдээллийг авч болно. ITS систем нь улаанбаатарын хувьд дүрс бичлэгийн мэдрэгч камерийн тусламжтай тухайн зам дээрх мэдээллийг замын хөдөлгөөний удирдлагын төвд өгч удирдлагын төвөөс тухайн мэдээлэлд боловсруулалт хийж дүгнэлт гаргаад its.mn болон бусад түгээх хэрэгслүүдээр мэдээллээ цацдаг байна.
Ингэж боловсруулагдсан мэдээллийг бид хараад аль болох хөдөлгөөн сийрэг хэсгээр явбал болзсон цагтаа хоцрохгүй очих нь байна.

Цахим засаглалаа чи хаана байна!

Тэртээ 2005 онд "Цахим Монгол" нэртэй хөтөлбөр хэрэгжиж чухам л бүх юм цахим болсон билээ. (Саяхан мэт санагдаж байгаа боловч яалтчгүй 5 жил болж тэртээ гэж бичихээр болжээ.) Тухайн үед энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээг цахимжуулах дэд хөтөлбөрүүд ч боловсруулагдаж байсан.

Ямартай ч "Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн нэлээд олон ажилууд бий. Үр дүн нь ч гарсан. Гэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулж чадаагүй бололтой. Одоо ч чадахгүй юм шиг байна. Монгол улс иргэн бүрийг энэ ондоо багтаж шинэчилсэн бүртгэл хийлгэхийг шаардаж байна. Шулуухан хэлэхэд энэ хугацаанд багтаж бүртгэл хийлгэхгүй бол монгол улсын иргэн биш дээр нь мөнгө (эх орны хишиг өөр юу билээ) өгөхгүй гэж байгаа юм :P

Хамгийн сонирхолтой нь энэхүү бүртгэл маань нэгдсэн систэм гээд байгаа хэрнээ нэгдмэл чанараа хадгалж чадахгүй байгаад учир оршино.

Хүн төрсөн газраа л амьдарч байх ёстой мэт заавал харъяалалтай газартаа очиж шинэчилсэн бүртгэлийг хийлгэх ёстой юм байх. Хэн ч хаана ч явж байж болно.
Өнөөдөр бүх л зүйл цахимжиж нэгдсэн сүлжээнд орчоод байхад манай бүртгэлийнхэн үүнийг хийж чадаагүй л сууж байдаг. Гайхалтай.

Улаанбаатарын гудамжаар интернеттэй Автобус!

Улаанбаатарын гудамжаар үнэгүй интернеттэй олон нийтийн автобусууд сүнгэнэх болсон гэнэ. Өнөөдрөөс эхлэн Wimax 4G өндөр хурдны утасгүй интернэт үйлчилгээг нэвтрүүлж байгаа "Телемакс коммуникэйшн" ХХК нь "Автобус 3" компанитай хамтран энэхүү үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм байна.

Автобусад хэдэн цагаар түгжирч суухдаа интернетийн зах хязгааргүй орон зайгаар аялаж түгжирлээс болж сул өнгөрч буй цагаа ашигтайгаар ашиглах боломжтой болжээ.
Өнөөдрөөс эхлэн wimax 4G-ын ягаан өнгөөр ялгагдах 20 автобус уг үйлчилгээг үзүүлэх бөгөөд гар утас болон дурын интернетэд холбогдох хэрэгсийг ашиглаж болох юм байна.

Аан тийм! Автобусанд заавал суулгүйгээр ойр орчмоос нь интернетэд орох боломжтой. Дагаж гүйгээл ороод байна шүү дээ.

GooG нэртэй монгол хэлний алдаа засагч програм зохиожээ

GooGМонголчууд бидэнд тулгамдаад байгаа нэн тэргүүний асуудал бичгийн соёл гэхээсээ илүү зөв бичгийн дүрэм болчоод байна. Захын хүн өөрийнхөөрөө бичиж зөрүүдлэх болсон өнөөдрийн хувьд монгол хэлний зөв алдааг илрүүлэгч програм зайлшгүй хэрэгтэй. Өнгөрсөн удаад Ангууч гэх нэртэй програмыг боловсруулан гаргасан боловч үнэ өртөгийн хувьд арай өндөр, програмын боломжийн хувьд хомс байсан учир тэгэс ингэсгээд хүмүүсийн хэрэглэх сонирхол буурсан болов уу.

Тэгвэл тун удахгүй дахин нэгэн шинэ монгол хэлний алдааг илэрүүлэгч програм мэндлэх гэж байна. Энэхүү програмыг МУИС-ын хэл шинжлэл утга зохиолын мэргэжлээр төгссөн хэсэг залуус өнгөрсөн 4-р сараас эхлэн эл шинжлэлийн эрдэмтэн М.Базаррагчаа, Г.Гантогтох, Ц.Шагдарсүрэн нараас заавар зөвөлгөө аван хийж эхэлсэн байна.

Уг програмыг Монголын соёлын өвийн боловсролын төвөөс санаачлан эхлүүлсэн юм байна. Тэд програмынхаа нэрийг Goog гэж өгсөн бөгөөд энэ нь google-ээс хайлт хийхэд хялбар байх боломжтой гэж ийнхүү нэрийдсэн байх юм.

Goog програмын ажиллах зарчим нь монгол үгсийн сангийн бүх язгуур үгүүдийг агуулсан сангаасаа үгээ авч тухайн үг дээр дагавар, залгавар холбох замаар үгийн бүтцэд шинжилгээ хийдэг байна.

"Зөнгөөрөө зөв бичих" уриатай энэхүү програм ирэх 13-наас эхлэн худалдаанд гарч эхлэх бөгөөд эхний ээлжинд Microsoft Word дээр үгийн алдааг шалгах боломжтойгоор хувилбараа гаргасан байгаа юм байна.

Latin-аас кириллрүү

Жижигхэн орны зовлон дуусахгүй. Гэхдээ яахав болоол байна. Өнөөдрийн байдлаар манайхны хувьд google-ын үзүүлж байгаа үнэгүй үйлчилгээнээс арай бага ашиглаж байгаа. Харин нэг зүйлийг нь ашиглаж болох юм байна гэж харлаа. Ашиглаж байгаа хүн ч байж магадгүй.
Google-ынхэн өнгөрсөн жилүүдэд өөрсдийн орчуулагч програмууд дээрээ нэлээд хөрөнгө, хүч хаясан. Өнөөдөр үүнийг олон сая хэрэглэгч ашиглаж байна. Хамгийн онцгүй нь монгол гэсэн сонголт байхгүй байгаад юм. Гэвч үүний арай өөр зорилгоор ашиглаж болох юм байна.
http://www.google.com/transliterate/ шууд бичингээ орчуулах хөрвүүлэгчийг google-ынхэн туршиж байгаа.
Та англиар галиглаад бичнэ тухайн улсын бичигруу шууд хөрвүүлнэ. Нэг үгээр гарны драйвэр. Гадаадад суугаа монголчуудын хувьд энд тэнд явж байхад нь монгол гарны драйвер байхгүйгээс болоод шууд латинаар галиглаж бичсэн байдаг шүү дээ. Тэгвэл энд орос гэсэн сонголтыг нь сонгож байгаад http://www.google.com/transliterate/ ын ашиглан шууд галиглаад биччихвэл сайхан кирилл болгоод хөрвүүлээд авчиж болох юм байна.
Яахав Ө, Ү үсгийн хувьд асуудалтай. Гэхдээ амь тулсан үед хэрэг болж магадгүй, тэмдэглээд аваарай.