Mobicom компани 9411 дугаарлалт гаргажээ. 9911 үнэ цэнтэй дугаарын үргэлжлэл гэнэ. Өмнө нь 9910 дугаарлалт бас ийм хэлбэрээр гаргаж байсан. 9999 дугаарлалтыг ч мөн адил. Одоо 9910, 9999 дугаарлалтаас хангалттай хэмжээний дугаар сул байгаа санагдах юм. Дээрх үйл бизнэс аргаас үүдэлтэй бяцхан эргэцүүлэл орж ирсэнгээ хуваалцаж байна.
Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд Монголд хангалттай хэмжээнд байгаа гэж ойлгож байна. Гэхдээ шинээр нэмэгдэхийг үгүйсгэж болохгүй юм. Шинээр нэмэгдлээ гэхэд аль ч үүрэн холбооны үйлчилгээг хэрэглэгчдийн хувьд бол ашигтай тал болох юм.
Монголын үүрэн холбоо хэрэглэгчдийн тоо өсөж бий. 2009 оны байдлаар ~1.9 сая, 2010 оны байдлаар ~2.3 сая, 2011 оны байдлаар ~2.5 сая гэсэн судалгаа гарсан байдаг. Цаашлаад 3 саяд хүрэх байх. Мэдээж энд давхар утас хэрэглэгчдийн тоо өсөхөд түлхүү нөлөө үзүүлсэн байж болох юм.
Гэхдээ бидэнд нэг дутагдал байна. Энэ нь үүрэн холбооны утасны дугаарлалт. Дугаарлалт нь мөнгө олох хэрэгсэл болчоод байгааг хязгаарлах хэрэгтэй юм. Үүнийг хүн бүр мэдэж байгаа хэрнээ ач холбогдол өгдөггүй.
Хэн нэгэн этгээд 500 мянган төгрөгөөр дугаар худалдаж авсан нь тухайн хүнийг хүнээ илүү хүн болгочихгүй. Гэхдээ яг энэ үйлдэл эдийн засгийн үүднээс монголчуудад хохиролтой. Ямар ч татваргүй хар захын бизнес болж байгаа юм. Дээр нь өнөөдөр дийлэнх монголчууд маань тийм ч хангалттай сайхан амьдрахгүй байгаа. Иймээс ийм илүү зүйлд бид мөнгө зарах ёсгүй юм. Харин гэртээ хоол хүнс, хувьдаа хувцас хунар авч болох байлаа. Гэвч тэгсэнгүй.
Ийм сэтгэлгээг бид өөрсдөө бий болгочихсон. Харин үүнийг эх орны хөгжилд санаа зовох ёстой хүмүүс бага ч гэлтгүй анхаарах ёстой баймаар. Одоо байгаа үүрэн холбооны дугаарлалтыг нэг оронгоор өсгөхөд л монголчуудад хангалттай хүрэлцэхүйц дугаарлалт бий болох боломжтой юм шүү дээ. Бүр стандартад нийцүүлээд илүү оронтой болгосон ч болж байна.