Showing posts with label my me i. Show all posts
Showing posts with label my me i. Show all posts

Инээмсэглэл - Зүрхний үг


Зүрхнийхээ үгийг чамд хэлэе үү гээд
Зөн билгээ мөрөөдөн суух нэгэн мөчөө санан
Хайр минь чамдаа би яаж хүрнэ гээд
Харцаар чамтай ярьж билээ

энэ дуу хүн бүрийн сэтгэлд хоногшиж чадсан гайхалтай бүтээл. Нууцлаг уянгалаг тэгсэн хэрнээ хөнгөхөн аястай энэ дуунд хүн бүр дуртай байх нь аргагүй.

Ихэнх дуу нь хүн бүрт ямар нэгэн түүх дурсамжийг төрүүлж чаддаг нь гайхалтай юм шүү. Анх Инээмсэглэл хамтлагтай сурагчдийн шинэ жилийн концертын бэлтгэлийн үеээр Бид цас орох дуртай дууг нь сонсож танилцаж байснаа санаж байна. Явган цас шуурсан гэрэлтэй гудамжийг санагдуулсан тэр дууг тухайн үедээ ямар хамтлаг дуулсанг нь мэдэлгүй өнгөрч байсан юм. Тэгвэл одоо Сэтгэлийн үг болж нэрээ өөрчилж байсан Зүрхний үгийг сонсоод сууж байх ажээ.

Өөдгүй МОНГОЛ амьдрал

Өнгөрсөн шөнийн хөл бөмбөг үзчээд унтах гэсэн нойр хүрдэггүй ээ. Дэмжиж байсан баг хожоод сайхан байлаа. Гэвч нойр хүрэхгүй орондоо хөрвөөх зуур өөдгүй бодлууд толгойд эргэлдээд бүр нойр хүргэхгүй байна. Ямар сайндаа босож ирээд блогоо бичээд сууж байхав.
Би уул нь энэ блог дээр ажил амьдралынхаа талаар бичихгүй гэж боддог. Гэвч бичихгүй бол дотор давчдаад онцгүй байна. Ингээд биччихээр чи муу тэр технологио бичихгүй юу бичээд байгаа юм бэ гэж солиорох хүн бас бий. Гэхдээ яахав.
Ойрд монголоос өөр газар очиж амьдрах хүсэл асар их төрөх боллоо. Уул нь эх орондоо ажиллаж амьдраад сайхан байж чадна гэж бодож явдаг хүн. Олонх монгол залуучуудыг гадагшаа гарч ажиллана гэхэд нь эсэргүүцэж энд амьдрахад яагаад болохгүй гэж боддог байлаа. Гэвч үгүй юм байна.
Хувьдаа зөв, шударга байгаад ажиллаж чадвал эх орондоо амьдраад байж болно гэж бодож явдаг. Нээх баян цатгалан байхаа болиг гэхэд жирийн дундаж энгийн сайхан амьдралтай байхад л хангалттай гэж би монголын амьдралаас хүссэн.

Би Өмнөговь аймагт өсөж торнисон хүн. Тэгэхлээр хөдөөний новш гэж бодно биз. Хотын хүн шиг хогоо гадна хаяж хүссэн үедээ нус нулимсаа Сүхбаатарын талбай дээр нийж нулимж яваагүй. Бага наснаас минь төлөвшүүлсэн аав ээжийн минь хүмүүжил намайг тийм хүн болгоогүй юм шүү.

Хөдөөний хүн хотод амьдарч болдоггүй.
Миний мэргэжил програмист. Би хөдөө очоод ажил хийе гэсэн ч мэргэжлийнхээ ажилыг тэнд хийж чадахгүй. Тиймээс би хотод ажилладаг. Иргэний үнэмлэхээ би хотынх болгохыг хүсээгүй. Иргэний үнэмлэх үзээд хэн нэгэн нь: Чамайг гуйж ажиллуулахгүй. Өдий болтол юу хийгээд байж байдаг юм гэж байна. Өөрийг нь хөдөөнийг гэдгийг би бас мэднэ шдээ. Хотынх байлаа хөдөөнийх байлаа гээд ямар ялгаа байгаа юм бэ. Өөдгүй монгол харъяаалал.

Бүгд шулаач
Би өөрийнхөө олсон нэг төгрөг бүрийг цэвэр өөрийн хөдөлмөрөөр олдог. Тиймээс мөнгөө үр дүнтэй зарцуулахыг боддог.
Таксины жолооч хагас км дутуу байхад бүтэн кмын мөнгө нэхдэг гэхдээ би төлдөг. Харин мөнгөгүй болоод 100 төгрөг дутуу өгөхөд уурладаг. Бараг зодох нь. Өөдгүй монгол хүн.

Худалдагч хаан
Жишээ1: Өчигдөр телевизийн удирдлага авах гээд худалгачаас асуулаа. Хүнтэй яриад завгүй. Гуйлаа. Нэг юм сарвайж байна. Өмнө нь эндээс 3н ч удаа аваад нэг нь ажиллаагүй хоёр нь ажиллаж байгаад эвдэрчихсэн юм. Тэгэхлээр нь би шалгаж авъя гэхэд юуг нь шалгадаг юм авбал ав үгүй бол яв гэж байна.
Жишээ2: Мах авах гэж гуя хиллүүллээ. 18 мянга илүү гарч байна. Худалдагч нь дээр нь хоёр хавирга нэмчихүү гэж асууж байна. Үгүй. Үгүй ээ энэ чинь нэмдэг юм гэнэ. Үгүй ээ би гуя аа л авна. -Тэгвэл боль гэж хутга бариад уурлаж байна. Би худалдаж авч байгаа юман дээрээ ямар нэгэн шахаас авмааргүй байна. Ялангуяа мөнгөө төлж байж шүү. Өөдгүй монгол худалдаа.

5 минут
Худлаа ярихад би ээжтэйгээ 5 минутын үргэлжилсэн дуудлага хийж үзээгүй. Гэхдээ би сар бүр ярисан ч яриагүй ч 40 мянган төгрөг ярианыхаа төлбөрт төлдөг. Би дугаараа зарнаа. Өөдгүй Мобиком.

Шударга биш татвар
Манай аав насаараа ажиллаж байгаад хорвоогийн мөнх бусыг үзсэн. Гэхдээ тэр тэтгэвэр авч үзээгүй. Тэгэхлээр би татвар төлж төлж татварынхаа үр дүнгээс авч чадахгүй байна гэхээс дургүй хүрдэг. (Энд тийм юмнаас хүртэж байгаа гэж хэн нэгэн нь нарийн ярих хэрэггүй!) Ялангуяа би хотын хөдөөний хүн учраас ямарч нийгмийн үйлчилгээнд хамрагддаггүй гэхдээ би татвараа төлдөг. Татварыг маань 76 хүн хувааж иддэг. Өөдгүй татвар.

Мөнгө харсан эрүүл мэнд
Би эрүүл мэндийн даатгал ёстой өлгийтэй байхаасаа эхэлж төлсөн хүн. Бага байхад аав, ээж төлсөн одоо би өөрөө төлдөг. Гэхдээ би ганц ч удаа үүнийг ашиглаж байгаагүй. Хөл маань явж чадахгүй болтолоо өвдөөд нэг л удаа эмнэлэгт очиход энэ дэвтэр чинь хэрэггүй гэсэн. Эмч: Алив харъя. За ийм ийм шинжилгээ өг. Гэхдээ тэнд тэнд шүү.
Бүх газар нь оочерийг нь хүлээж төлбөрийг нь төлж шинжилгээгээ хийлгэлээ. Эмч дээрээ тэр бичгүүдээ аваачиж өглөө. Эмч дээр нь байгааг нь надад уншиж өглөө. За 5000г өгчих. Эмчээ та надад ядаад яагаад ийм болсон, яаж эдгээх талаар ганц ч үг хэлээгүй шүү дээ. Гэхдээ та бас миний төлсөн татварын мөнгөөр цалинжиж байгаа шүү дээ. Өөдгүй мөнгө харсан эмч нар.

Новшийн Цагдаа нар
Манай эгч цагдаа, одоо нэг дүү маань бас цагдаа болно гэж зүтгэж байна. Ёстой цагдаа нарыг муухай хэлэхэд би дургуйцдаг хүн байлаа. Гэхдээ энэ бодлыг минь цагдаа нар үгүй хийж чадсан юм.
Жишээ 1. Бяцхан хэмжээний задгай шоу болж байлаа. Би цоо эрүүл байсан зүгээр л бүжиглэж байлаа. Тэнд нэг цагдаа дуудаж байна. Ийшээ гаръя. гарлаа. 4н цагдаа зогсож байна. Чи согтуу байна. -Үгүй. Тонгой. Тонгойлоо. 4-үүлээ нийлээд намайг боройхойдлоо. Эвсэлгүй бүжиглэсэн юм байлгүй.
Жишээ 2. Оюутан байхад зодоон болж байхыг хажуунаас нь харж байлаа. Хэсэг залуус нэг залууг зодож байна. Цагдаа нар ирээд зодуулсан залууг гавлаад аваад явж байх юм.
Хүлцэнгүйд дээрэлхүү өөдгүй цагдаа нар.

Насаараа хураах байрны мөнгө
Би боломжийн цалинтай. Гэхдээ байргүй. Тэгэхлээр би байр түрээсэлдэг. Чийгтэй, сантехник нь муу, гаднаа шороотой ганцхан өрөө байрыг 220р түрээсэлдэг. Сар бүр төлөх ёстой өдрөө 50мянга байрны мөнгөнд тушаадаг. Гэхдээ хаалган дээр сар бүр тогныхоо мөнгийг төл гэж бичиг наалттай байдаг. Бас сар бүр энэ крантнуудыг сантехникч дуудаж засуулдаг. Энэ сантехникч хэргээс муу засдаг уу үнэхээр муудсан байр уу мэдэхгүй. Ямартай ч төлбөрөө аваал явдаг. Ингэсээр би 300аадыг энэ байранд зарцуулж байна.
Би зээл хийж өөрийнхөө байранд өөрийнхөө мөнгийг төлмөөр байна. Ихэнх залуусын адил надад зээлийн урьдчилгаа гэх мөнгө алга. Гэхдээ би зээлээ төлж чадна. Өөдгүй монгол банк.

Өртөг, үйлчилгээнээс илүү үнэ
Юмны үнэ нэмэгдлээ гээд би үглээд байдаггүй. Байх ёстой эдийн засаг гэж боддог. Гэхдээ 5 төгрөгөөр бүтэж байгаа зүйл 50 төгрөг болоод байгаад гайхаж байна. Өөдгүй дамлагчид.

Эдгээрээс том өөр бас бус юм зөндөөн байна.

Бидэнд шударга эрүүл эдийн засаг алга. шударга эрүүл хүн сэтгэл хомс байна. Иймээс шударга эрүүл хөдөлмөр үгүй. Би бухимдаж байна. Одоо би зөвхөн монголоо гэсэн бодлоо хаялаа. Боломж таарах л юм бол би эндээс явна гэж бодох боллоо.

Comments

comments

Одоо хялбар боллоо www.sanakae.com

http://sanakae.blogspot.com/ гэж бичиж орно гэдэг хүнээс багагүй санах ой шаардаж байгаа юм. Тэгвэл бага ч гэсэн хөнгөлөөд http://www.sanakae.com болгочихлоо.

Одоо хялбар боллоо шүү дээ :)
www-гүй бичсэн ч болно доо.

Sanakae Blog цаашид

quetions2006 оны 12 сараас хойш блог гэдэг зүйлийг хөтөлсөөр ирлээ. Эхний хугацаанд юу бичихээ ч олохгүй нэг хэсэг самгардаж байсан бол цаашид өөрийн ажлын чиг хандлагатай ойролцоо IT-ын мэдээллийн талаар зүйлс бичиж байхаар шийдэн 2 жил болсон байна. Гэвч ойрын хугацаанд блог бичих нь нэлээд цаг хугацааг надаас шаардаж байсан учраас бичихүү эс бичихүү дээрээ тулаад байлаа. Ингээд нэгэн шийдэлд хүрсэнээ дуулгаж байна.
sanakae blog цаашид зөвхөн мэдээллийн технологийн талаар биш зүгээр л өөрт таалагдсан сонин содон санагдсан бүх юмны талаар бичиж байхаар шийдлээ. Гэхдээ мэдээж хэрэг хэнд ч хэрэггүй дэмий балай юм бичихгүй гэдэг царчимаа цаашид үргэлжлүүлж барьж байх болно.
Ингэсэн нь блогоо хаясанаас дээр зөв шийдэл гэж үзээд байгаа юм. Зарах юм бол нэлээд үнэтэй учираас зарах боломжгүй :P
За тэгээд дэмжээд дэмжээд ажиллаад ажиллаад явчина шүү дээ.

Нэг их гунигламаар ...

Нэг их гунигламаар ...

Цонхны цаана зөөлөн бороо сэрүүхэн орж сэтгэл жихүүцүүлээд намрын өдрүүд ирснийг сануулна.

Гудамжинд салхи хургана сэтгэлтэй цуг. Салхиар навчис тасрана модод гуниглана. Гуниг нь намартай ирж намайг тойрно. Намар надаас навчисыг минь тасдана. Гуниг ингэж ирж дууг минь хураагаад гудайсан бөгдийсөн сүүдэр үлдээнэ. Шаргал сүүдэрт нь навчис чимээгүйхэн хөглөрнө.

Салхи, Навч, Намар тэгээд Би хэлхэгдэн хэлхэгдэж гудамж болно. Гудамж чив чимээгүй. Чимээгүйг навч сонсож навчийг салхи хийсгэнэ. Эргэлдэх навчинд хүмүүс бараан. Бараан өнгө цув, хүрэм, шүхэр.Цонхны цаана бороо орно. Навч норно. Цонхны наана навчисгүй би зогсоно.

Салхи, Навч, Намар тэгээд Би.

Уянгалаг намуунлаг ухаарал

Эгэлхэн бус энгүй хөгжмийн яруу тансаг гайхамшигтай. Сэтгэлд дулаахан зөлөөн. Амьсгал авахдаа хүртэл хэмнэлийг даган зөөлөн байх тийм л хөгжимд би дуртай.

Хаврын нарны алтанхан цацраг зулайг минь төөнөж хайлан дуулах уянгалаг хөгжим сэтгэлийг минь бүүвэйлэх тэнгэрийн заадал газрын хаяа хооронд би ниснэ. Орчлонгийн юмс чухамдаа зөөлөн болоод хатуу байх цаг хугацааны хүрдэнд огт байхгүй диваажин амьдралыг минь тэтгээд цаст алтай ноён сардигийн дунд цангинах хоолотой бага нас минь шүүдрийн дусал хөшигчин гүйнэ.

Униартан тунарах чийглэг мананд усан зүүдэлт тэнгэрийн энгээр болрын мөнгөн шигтгээ гялбан гялтганаад хөх сувдан саран тунгалаг мөрөндөө нойрсохүйд миний эх орон шөнийн амгалангаар амьдарна.
Тунгалагхан горхины тэсгэм жавраар үүр хаяарч тунамал улаан наран мөнх хөх тэнгэрийнхээ амь нь болж мандахад миний амьдрал гал аван ноцож зүрхний минь угаас эх орон минь манддаг аа.

Өглөөний бодол

Хэсэг өглөө болгон толгойд орсон зүйлээ YM-нхээ status дээр биччихдэг байлаа. Тэр бичлэгүүд маань олдлоо. Тавьчихая.

2006-11-06 Ганганах шувуудыг даган намар явлаа... Гадаа нэвсийтэл цас ороосой...
4:01 PM 2006-11-07 Нутагт минь ээж минь бий Нуган vp гэж vгvйлж л яваа даа
8:40 AM 2006-11-08 Навч навчаараа газарт унахын цагт
11:43 AM 2006-11-09 Угтан ирэх салаа зам бvхний тeгсгeл гэж vгvй орчлонд алхалж явна
11:43 AM 2006-11-10 Нарны алтан цацраг зvрхэнд тусаж би ДУЛААН байна
9:11 AM 2006-11-13 Наран мандахаас саран мандах хооронд намайг муу хэл БИ ГОМДОХГVЙ
1:58 PM 2006-11-14 Оршихуй, эс оршихуй, буй, буй бус амьдралын тойрог минь одохуй, эс одохуй
9:03 AM 2006-11-15 Хvмvvн заяаг тvшсэний учир зvрхэнд зvрхэн гал мадамлахуй
9:09 AM 2006-11-16 Зeрeн eнгeрeх хvн бvр инээмсэглэл байг! Зeeлeн гунигийг ч арчиж хая зvгээр инээмсгэл.
9:17 AM 2006-11-17 Утга учиргvй тэнэглэлийн алт болох цаг гэдгийг мэдээгvй миний алдаа
9:08 AM 2006-11-20 Аниргvйн дунд ганцаар хоцрохгvйн тулд дахин дахин хvлээнэ. Бvх юм хvлээгдэж, хvлээлгэнэ.
9:01 AM 2006-11-21 Өөрөө өөрийгөө танихгүй өөрийн бие өрөөлийн өмнө танигдахгүй
9:47 AM 2006-11-22 Хэлтэрхий замт замбуулинд хэмлэлгvй тэгш нь гэж vгvй ...
9:46 AM 2006-11-23 Бодолдоо бодол сөгнөж бядандаа арга сүвэгчилж ухаан зарах миний аав
8:49 AM 2006-11-24 Хөлөн доор цас чихрана хүний хүүгийн сэтгэлд нь чихрана
10:54 AM 2006-11-27 Надад мянга мянган нөхөд бий магад үнэнг минь хэлэх нь цөөхөн бий
8:56 AM 2006-11-28 Гэгээн хүсэл бадамлах цагаар би ариусахуй. Гэнэн сэтгэл эгшиглэх салхиар би татгарахуй
9:37 AM 2006-11-28 Гудамж бvрийн цаана танихгvй гудамж бий.
9:08 AM 2006-12-04 Нэгэнт өнгөрсөний хойноос харамсахгүйн тулд алдамгүй хугацаа байх юм
8:59 AM 2006-12-05 Хатууд хатуу зөлөөнд зөөлөн, хатууд зөөлөн зөөлөнд хатуу
9:17 AM 2006-12-06 Бусдаас өөр биш бусдын адил байх гэсэндээ цаган зүүтэй эргэлдэнэ.
9:46 AM 2006-12-07 Би газар тэнгэрийн савслагад амьд гал
9:10 AM 2006-12-08 Үнэнийг хүн бүр хайдагч үнэнг мэдэхгүй
9:14 AM 2006-12-12 Хаа ч ад үзэгдэх амьдрал минь хөөрхий
9:07 AM 2006-12-13 Явах замын алдрал хаана гэдгийг мэдэхгvйг мэдэх
10:47 AM 2006-12-14 Байгаагийн зовлон байхгүйд жаргал
8:30 AM 2006-12-15 Хүн л хүний бурхан байдаг
8:49 AM 2006-12-19 Шилэн хундага байхгүйн төлөө жингэнэсээр
9:02 AM 2006-12-20 Гэрэлт хотын цас болор тунгалаг өнгөтэй
9:25 AM 2006-12-21 Байх ёстой газарт болох ёстой цагт
10:03 AM 2006-12-22 Борхон зүрхийг тогшиж цасан будрах үдшээр шинэ он айсуй /Цаг хугацааны төгсгөл цаг хугацааны эхлэл/
9:04 AM 2006-12-25 Асуулт
9:04 AM 2006-12-26 Бодлоор үг урлаж үгээр үйлд
9:53 AM 2006-12-28 Өнгө хүнийг хэлэхгүй
11:06 AM 2007-01-03 Чинхүү чанагш хязгааргүйд бул чулуут
9:23 AM 2007-01-04 Сэвэлзvvр гэгэлзvvр салхинд сэтгэл дохилзуур
9:13 AM 2007-01-05 Танихгүй танил таних танилаас
9:58 AM 2007-01-08 Шалтгааны шалтаг гэж надад алга
9:17 AM 2007-01-09 Бидний ертөнц дүнсгэр байх тусам бид ганцаардлыг ихээр мэдэрдэг
11:37 AM 2007-01-10 Багтсан гурвалжин дахь амьдралын батгаасан тойрогт замнал
9:13 AM 2007-01-12 swe-ийн зовлонг keyboard л ойлгоно
11:10 AM 2007-01-16 File open abnormalities Бүх юм буруу нээгдэнэ

Өдөд бичиг

Тас хийсэн жавар хацрыг алгадах завдалгүй өвөл надаас замхран хаврын салхинаа бодлын цуваа хуйларч хаа нэгтээгээс өдөд бичиг зүрхнээ ирвээ.

Чингээд дуудсуу.

Цонхны цаанаас жаргах нарны дулаан туяа төөнөн байна. Хүн бүр дор бүрнээ өөрийн үүргийг ухамсарлаад өрөөнд анир чимээгүй ноёрхож нэг бодлын амгалангийн . Харин энэ л цаг хугацаанд хүн өөрийн амьдралын алтан хором бүрийг хэлхэж буй гэдгээ огтхон ч анзаарахгүй байх нь харамсалтай.

Бусдад нээлттэй байхын жаргал зовлонг би мэдэхгүй юм. Харин бусдаас нууцлаг байхын зовлон жаргалыг би мэдэнээ. Нэг хэсэг нь дотроо байсны минь төлөө муу хэлж нөгөө хэсэг нь баярлана. Хүнд гай болчихгүй байхын төлөө байсан нь буруудана. Хорвоогийн явцуурал ийм байдаг байж дээ. Ойрхон бодсон нь хол бодсоноо харж хөхөн баясах өчүүхэн оюун бидэнд заяагаагүй болтой билээ.

Өнгөрөх одоо

Он цагийн урсгал намрын нар хаврын салхиар өртөөлөн булгилах зүрхний лугшилт бүрнээ нэвчин орж гэгээлэг бүхнийг шингээгээд тэртээ алс хязгааргүйн чөлөөнд урин дуудах шигээ. Чингэсээр дэлхийн алтан тойрог бүтэн болж амирлав. Эргүүлгийн эргэлтэнд элэгдсэн хувцас солигдсон хувцастайгаа хамттаа байж ихээс бага багаас их тооллоор тоологдов. Надад ирсэн бүхэн буцах нь буцаж үлдэх нь үлдвээ.
Ай хө энэ хугацаанд юуг хийж юуг үлдээвээ !? Өнгөрсөн одоог холбон байж ирээдүй гэх гүүрийн альхан хэсгийг гагнав би.

Бодлыг хөвөрдөхүй ...

Дэлхий ээжийн бүүвэй нараар даллуулан жаргахад шинээр мэндлэх миний хүн намайг дагуулан сэрээнэ. Богино өдөр урт өдөр бодолд өөр үйлд ялгаатай хугацаа надаар дайрч өнгөрөнө. Өглөөнөөс үдшийн хооронд нэг л замаар явж нэг л хийдгээ хийнэ. Сэвэлзүүр гэгэлзүүр салхинд сэтгэл дохилзуур болчихно. Түүнийг дагаад үе үехэн хүний замнал утгагүй мэт санагдаж тэнэглэл бодогдоно. Харамсана хугацааны хойноос.

Ээждээ

Үүрийн гэгээтэй уралдан босч галаа бадраах
Үдшийн харанхуйтай тэмцэлдэн үлдэж гэрлээ барих
Голомтын цучлыг мөнхөд манах галын бурхан
Гүн сэтгэлдээ үрсээ тэврэх ээж минь

Цог шиг гэрэлтэх мичид марлын гүн шөнөөр
Час хийн уйлах нялх үрийнхээ дуунаар сэрчихээд
Бадамлан асах зулын гэрэлд баривчтай минь ноцолдохдоо
Болоогүй л байна даа үр минь гээд хүүгээ үнссэн
Далай их хайрын нэгээхэн хэсэг энэ мөчийн хариуд
Дарсны ааг шиг омголон залуу насны шидээр
Оршин байгаа бүх л юмсыг таньдаа бария гэвч ээжээ
Огт орлуулж болохгүй юмаа эхийн сэтгэлийг

Энэ л их хайрын тань халуун илчинд
Эрх танхи үр чинь бас жаргаж л явна даа

Хүн л хүний бурхан байдаг... 2004,06,18

Аавдаа

Бодлынхоо цаана бодол сөгнөж ганц л дуугарах
Бядныхаа чанадад арга сүвэгчилж ухаан зарах
Гэрийн жаврыг үргэлжид үргээх хийморь бурхан
Гэнэтийн бүгдэд үл тэвдэх аав минь

Алсын замд эрдэмд мордох хүний үрийг харчихаад
Нутгийн уулсын тэнгэрт овоо засаж явахдаа
Нүүдлийн шувуудын хойноос санаа алдан суусан
Далдхан хайрлах сэтгэлийн тань энэ хөгний хүчинд
Дэрсхэн өсөх үрсийн чинь хувь заяаны замаар
Шударга бүгдэд чиглэсэн хатан зоригт оч
Чин зүрхний тольт шиг гэрэлтэж байдаг шүү ааваа!

Халуунд халсан ч үл тоон шүд зуух
Хамгаас түрүүлсэн ч тогтон байж намба заах
Говийнхоо нарыг магнайдаа дээдлэх нутаг амь
Говь гурван сайханы унаган хүү аав минь

Хүн л хүний бурхан байдаг... 2004,06,18

Миний "БИ". Миний "ХҮН САНАА"

Хүмүүн заяа гэх аугаа алдар, хувь зохиолыг олж бусдын адил биш, бусдаас өөр биш уртаас урт харгуйн нэгээхэн хэсэгт алхалж яваа "БИ".

... Нэг л гэгээн хүсэл мөрөөдөл өвөрлөн алхалж явна...

Өөрийн өөрийг олох энэ урт харгуйн эрэлд үхэн хатан яваагүй ээ.
Заримдаа бусдын адил "залуу нас" гэх зэвсгийг зөвхөн зүрхээрээ туулаад гармаар ч юм шиг байх. Гэхдээ сэтгэлийн галтанг дагаж сэтгэлийн галаа бөхөөлгүй бусдад илч өгч явах юмсан гэж хүссэн энэ "хүн санаа" надад оршин байх нь бусад бодрол бүхнээс минь даван дийлэх юмаа.
Иймдээ ч даруу төлөв байх минь бүр бага балчир наснаас цэл залуу хорин хоёр насанд минь надад хань болж хэрэг болохдоо хэрэг болж гай болохдоо гай болж явлаа. Сонин юм шүү хүн бүр өөрийн гэсэн дутагдалтай. Тэрнээсээ залхаж түүндээ гомдоно. Би боддогийн : энэ шинж л хүний өмнө хүн гэж ялгагддаг ганц чанар нь юмуу даа гэж. Харин үүнийг яаж илэрхийлэх нь л тэр хүний сайн муу гэх "дүн" тавиулахад хүргэдэг бизээ.
Надад хүн араншин бий. Тэр нь бусдад хэтэрхий хатуу. Бүр хэтэрхий гэхдээ хамгийн ойр хамгийн хайртай хүмүүстээ хатуу байдаг. Болоод өнгөрсөн хойн нь дэмий л ингэв үү дээ тэгдэг ч байж уу гэж бодох.
Ийм "БИ" надад оршидог.
Ийм "ХҮН САНАА" "БИ"-д бодогддог