Internet-ийн Амраг

Internet loverУтгын чимэг 2008 болж өнгөрсөөр удаж байна. Уг наадмаар уншаад суухад хангалттай таашаал авахуйц өгүүллэгүүд их төрдөг. Дээр нь чадалтай чадалтай жүжигчид тухайн өгүүллэгийг уншиж бүр амьдруулаад өгнө. Gogo.mn-ыхэн энэ наадмын шилдэг гэсэн 11н өгүүллэгүүдийг цувралаар оруулж байгаа билээ. Энэ удаад Internet-ийн Амраг гэсэн өгүүллэгийг оруулсан байна.
Монголд Internet орж ирсээр удаж байгаа нь урлагийн салбарт нөлөөлж дуу шүлэг ихээхэн төрсөн. Энэ бүгдийг блогтоо оруулж байхаар шийдээд байгаа юм. Ингээд Ц.Түмэнбаярын "Интернэтийн амраг" өгүүллэгийг хүргэж байна.

Интернэтийн амраг
Ундрам бүсгүй ээжийгээ огт мэддэггүй байлаа. Хүнд хүчир ажилд мойнийж эвэршсэн ширүүн гараараа үсийг нь илж:

-Миний охин том болоод номтой л хүн болоорой гэж хайр асгартал, мэлмэртэл ширтдэг байсан аавыгаа л мэддэг. Өмгөр ядуухан ч гэлээ халуу дүүгсэн бор гэртээ борцтой шөл оочилсоор аав охин хоёр инээд хөөр, жаргал дүүрэн суудаг байлаа. Охиныг арваадхан настай байхад нэг л өдөр аав нь газар дээрх ганц охиноо өнчин нулимс шиг хайр найргүй орхиод одлоо. Аавынх нь таньдаг хэдэн хүмүүс барилга дээр ажиллаж байгаад осолдсон эцгийнх нь хойдхыг нам жим мөртлөө чин сэтгэлээсээ гүйцэлдүүлээд балчир охиныг өнчин хүүхдийн асрах сургуульд хичээлийн цүнх, чемодан дүүрэхгүй хувцас, аавынх нь зураг, бас нэг хадгаламжийн цэнхэр дэвтрийн хамт хүргэж өглөө. Тэр цэнхэр дэвтэр балчир охины эцгийнх нь бүх л өмч хөрөнгийг ердөө л ганцхан мянган төгрөгөөр өвлөгдөж үлдсэн эд байлаа. Ундрам охин эр хүнийг ааваараа л төсөөлдөг. Асрах сургуульд гадаадынхны тусламж их ирнэ ээ. Харин аав ээжийн хайр л ирэхгүй. Тэндхийн багш ажилчид гадаадаас тусламж өгөхөөр ирсэн хүмүүсийн дэргэд "эвий минь, хөөрхий минь" гэдэг ч цаагуураа "энд ажиллахад унацтай шүү" гэж ярихыг нь охин сэмээрхэн сонсоод сүжиг нь буурчээ.

Бас асрах сургуульд хүүхэд үрчилж авахаар хөгшин, залуу хүмүүс ирдэг. Тэр нь өдрийн од шиг ховор.
Асрагч багш:
-За хүүхдүүд ээ, өнөөдөр хэн азтай нь аавтай, ээжтэй болох нь байна шүү. Алив наад үсээ самна, нүүрээ угаагаач. Хэн цовоо сэргэлэн, хөөрхөн байгааг нь сонгоно ш дээ гэж хэлээд хүүхдүүдийн аль олигтой хувцсыг өмсүүлээд ангид жирийтэл зогсооно. Хүүхдүүд хайр нэхсэн тунгалагхан гунигтай харцаар ширтэж байлаа. Ундрам охин хүүхэд өргөж авахаар ирсэн хүмүүсийг нэг л удаа харсан. Тэр хоёр яг л мал шинжиж байгаа юм шиг эсвэл бүр зах дээрээс бараа худалдаж авах гэж байгаа юм шиг "тэр нь ч царай муутай юм, үгүй энэний мэдрэл нь зүгээргүй байх аа" гэж ярихыг сонсоод охин жигтэйхэн жийрхлээ. Тэгж, тэгж нэг хүүг сонгож авлаа.

Асрагч багш:
-Чи ч азтай хүү юм аа гэсэн ч азгүй тэр хүү ижил дасал болсон хүүхдүүдээ нулимстай харцаар хараад, толгой гудайсаар гундуухан явсан сан. Ундрам охин амьдралын наад цаадахыг бусдыг бодвол илүү ойлгодог байлаа. Асрах сургуульд бас янз янзын кино гаргана. Дайн болж байгаа газар, ядуугийн туйл болсон Африкийн орны арьс яс болтлоо турсан хүүхдүүдийн тухай кино гардаг. Ийм кино гардгийн учир нь гэвэл “тэндхийн хүүхдүүд ингэж зовж байхад та нар өнчин өрөөсөн ч гэсэн нам засгийнхаа буянаар харин ч жаргалтай байна” гэсэн далд санаа байлаа.

Далд санаа ч юу байхав дээ, киноны дараа захирал багш заавал гарч ирж тайлбарладаг байлаа. Ундрам охин асрах сургуульд ирсэн цагаасаа л "би том болоод өнчин хүүхдүүдэд чин сэтгэлээсээ тусалдаг хүн болно" гэж хатуу шийдсэн байлаа.

Ингээд охины асрах сургуульд байх хугацаа дуусаж, эцгийнхээ захиснаар эрдэм номд шамдсаны хүчээр гадаад хэлтэй болж, Олон улсын хүмүүнлэгийн байгууллагат ажилд орлоо. Цаг өөрчлөгдөж, өнчин өрөөсөн, эцэг эхдээ хаягдсан хүүхдүүд олон болж, гудамжинд гарлаа. Ундрам бүсгүйн сэтгэл өнчин хүүхдүүдийн төлөө өвдөж, ихэнх хандивыг тэдний зүг хандуулж байлаа.

Дараа нь Афганистанд дайн болоход, тэнд өнчирч ядарч зовсон хүүхдүүдэд эмнэлэгийн тусламж, хоол хүнс хүргэх Олон улсын багт орлоо. Дайны хөлд олон арван хүүхэд үхэж үрэгдэхийг, олон зуун хүүхэд тахир дутуу болохыг улаан нүүрээрээ үзлээ. Тэдний төлөө борви бохисхийх завгүй л ажиллаж байлаа. Дайны хөлөөс өнчирч хоцорсон, өвдөж шаналсан хүүхдүүдийг аюулгүй газар хүргэж өгдөг байлаа. Нэг удаа бөмбөгөнд өртсөн ээжийгээ чангаагаад, уйлж байгаа гурван настай охины араас танк ирэхэд бүсгүй ухасхийн босоход "чи чинь үхэх чинь дутаа юу" гэж хамт ажилладаг америк залуу нь угз татаад машин луу оруулчихлаа. Нөгөө танк уйлж суугаа охиныг юман чинээ бодолгүй дээгүүр нь гарчихаад дэнжигнээд яваад өглөө.

Ундрам бүсгүй залууг түлхээд ухасхийн очиход саяхан уйлж суусан охин гэж хэлэхийн аргагүй нүд хальтирам болсон байлаа. Энэ явдал бүсгүйн санаанаас ерөөсөө гардаггүй. Бодох болгонд л охиныг аварч чадаагүйдээ өр нь урагдаж, зүрх нь шимширдэг байлаа.

Ундрам бүсгүй хорин настайдаа анхны хайртайгаа учирч, гэр бүл боллоо. Тэрний хайртай залуу нь:
-Чиний төлөө нүцгэн биен дээрээ мөс үүрээд явсан ч чадна гэж эгээ л нүдэндээ нулимс мэлмэрүүлэн хэлсэн ч яг цагаа тулахад нүцгэн биен дээрээ мөс үүрэх нь битгий хэл нуруундаа цамц олоод нөмөрчихөж ч чадахгүй арчаагүй амьтан байлаа. Нэг удаа халамцуухан ирээд:

-Намайг хүмүүс эхнэрээрээ тэжээлгэдэг гэж шоолж байна. чиний тэр гадаадын байгууллагат ажиллаж мөнгө олдог чинь тэндээ л юм байгаа биз. Би чамд тэнцэхгүй. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоор оо явъя. Би ижлээ олно оо гэж хэлээд ганц хүүгээ ч юман чинээ бодолгүй гараад явчихлаа. Бүсгүй хичнээн уйлж гуйсан ч увайгүй тэнэг, эр хүний муйхар зангаа тавьсангүй. Ингээд бүсгүй хүүгийнхээ төлөө ганцаараа зүтгэлээ. Залуу бүсгүй хүн юм болохоор ханийн мөрөөсөл байлгүй л яахав.

Даанч Монголын эрчүүд хэрэг алга. За байз, гадаад хүнтэй суудаг юм бил үү. Энэ чинь хоёр, гурван гадаад хэл мэддэгийн хэрэг юу билээ. тэгээд ч түүнд гадаадаас танилцъя гэсэн захидал олон ирдэг байлаа. Харин тэр дундаа Ундрам бүсгүйд нэг америк эр тохирч байлаа. Америк эрд ч бас Ундрам бүсгүй түүний хүү хоёр нийцэж байлаа. Ингээд хоёр жил захидлаар харилцсан эцэст гэрлэж суухаар боллоо.

Америк эр:
-Би Монгол бүсгүйтэй, тэр дундаа ийм боловсролтой сайхан бүсгүйтэй танилцсандаа татай байна. Дэлхийг донсолгож явсан Чингис хааны удмын бүсгүйтэй танилцаж, сууна гэдэг бол миний хувьд баяртай нэр төрийн хэрэг. Би хүүгий чинь өөр шигээ, Чингис хаан шиг эр хүн болгоно. Би хүүгий чинь өөрийн хүү шигээ өсгөж хүмүүжүүлнэ гэж хэлээд гурван ч удаа мянга, мянган доллар явууллаа. Түүний интернэтээр явуулсан зурганд зуслангийн байшин, гурван давхар харш, машин, цэцэрлэг гээд ер нь дутуу юм алга аа. "Эр хүн гэж ийм л байдаг даа". Гэтэл тэдэн дунд буу барьж бахархалтайгаар зогссон орь залуу Жоны зураг байлаа.

Ундрам бүсгүй ар нуруугаар аалз жирвэлзэж, тархин дундуур нь татаад авах шиг чамархай нь тас хийтэл өвдлөө. Бүсгүй интернэт кафед зургийг мэдрэлгүй юм шиг гөлөрч, бадайрч байхад түүний суух Боинг онгоц аль хэдийнээ өндөр авч байлаа.

Татаж авахыг хүсвэл эндээс (17mb хэмжээтэй юм байна)

Холбоотой мэдээлэл

14 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Нэг болсон явдал ярьж байгаам шиг л бичиглэлтэй... Утгын чимэг гэнэ үү хэхэ

    ReplyDelete
  3. Мөнхбаатар: Харин олон хүн таалаагүй юм шиг байна лээ. Гэхдээ энэ чинь амьдрал шүү дээ. Зарим хэсэг нь тасарчихсан юм шиг их товч болсон нь ойлгоход хэцүү байсан.

    Duurnee: Урлаг чинь улам л энгийн болоод байгаа санагддаг. Европжоод байгаагийн илрэл л дээ.

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. Яахав дээ. Бүх талаараа маш энгийн зүйлээр урлаг хийдэг, урлагийн утгыг өгүүлдэг болчихсон юм уу даа л гэж хувьдаа боддог байхгй юу.
    Ер нь бол энэ урлагийн хэт энгийн байх үзэл чинь Европоос л гаралтай шд дууны шүлэг гэхэд толгой сүүл холбоод утга учиртай байдаг болсон бол одоо би явж байсан нэг царайлаг бүсгүй таарсан тэгээд дурласан гэх мэт Кюзагийн оруулж ирсэн шиг л байхгүй юу даа хэхэ

    ReplyDelete
  6. тэгээд урлаг гэж үү тэр...
    би гэрээсээ гараад явна downtown...
    аргаа бараад таксинд суулаа зам нь овон товон...(BX хүүгээс туув). Харин урлаг устаж байхгүй болоод байх шиг ;(

    ReplyDelete
  7. Наадахыг чинь л яриад байна. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг. Азийн утга зохиолын өгүүлэмж нь цаанаа маш чамин тансаг байдаг. Энэ нь ч манай ардын дуу шүлэг тэргүүтэнд илэрсээр тод томруунаар туссаар ирсэн.
    Харин Quiza -ын Пентатоник дээр хэлсэн үг, Болдын түүнийг нь дэмжсэн байдлаас болж Монголын хөгжмийн ертөнцөд утга уянгатай үгтэй дуу гэж байхаа болисон. Дээр нь дуун сургаар Сэрчмаа хүртэл замаа алдаад авахав дээ гэж.

    ReplyDelete
  8. Сайханаа надад их таалагдлаа. Ер нь заавал урлаг гээд хүн ойлгохгүй болчихвол хэтэрхий ухаангүй явдал. ШУ ч ялгаагүй дундаж хүмүүс ойлгогдохоор л тайлбартай байх нь зүйтэй. Тэгж үл чаддагаас шалтгаалан хүмүүс өнөөдөр мэдлэг боловсрол, оюун санааны тэгш биш байдалд өртөж байна. Муусайн ухаангүй юмнууд юм энгийн байхдаа агуу гэдгийг мэддэггүй л байхгүй юу.

    ReplyDelete
  9. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  10. Би энэ салбарын хүн биш л дээ. Гэхдээ хүмүүс Утга зохиол, Уран зохиол, Яруу найраг гэдэг үгнүүдийг нэг юм шиг ойлгодог бололтой. Амьдрал дээр огт байдаггүй юмыг ярьж байгаа бол хүнд ойлгомжгүй хэлэхэд болно л доо. A real world is the real life. Хүмүүс аливааг шүүмжлэх гэж шүүмжилдэг нь харамсалтай.

    ReplyDelete
  11. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  12. Дажгүй олон юм багтааж бичжээ, гэсэн ч хэт нялуун, бас ойлгомж муутай санагдлаа...
    Энэ эмэгтэй үнэхээр азгүй хүн юм даа л гэж бодохоос өөр яахав...
    Би бол уран зохиолыг happy end байхад л дуртай. Ер нь амьдралыг сайн сайхан өнцгөөс нь харж байж л сайхан болдог шүү дээ.
    Харыг хар муухай, өвлийг хүйтэн муухай гээд л байвал бүгд л муухай, муухай, муухай болдог гэж боддог.. Дэндүү бараан гутранги юм...

    ReplyDelete
  13. Нэрэндээ нэг их тохироогүй ч юм шиг. Эсвэл дутуу юм уу? Бүр эсвэл би ойлгохгүй байгаа юм уу?

    Миний хувьд блогч биднээс зохиолч яруу найрагчид маань үгийн баялаг, уран хэллэгээрээ давуу байх ёстой гэж боддог, тиймдээ ч тэдний зохиол бүтээлээс гоё сайхан үг хэллэг хайдаг. Эндээс бол олсонгүй ээ. :P

    ReplyDelete
  14. Quiza гэж хэн юм бэ? BX гэдэг нөхрийг сонсч байсан юм байна. Бодвол Quiza нь адилхан л бүжигчин нөхөр байгаа байх. Тийм үү?
    Дээрх өгүүллэгийг захын бацаан биччих юм шиг санагдаад байна. Арчаагүй надтайгаа л адилхан найруулждээ чаавас. Үгийн баялаг нь яасан ч дорд юм. Надаас илүү юм нь алдаа л бага хийж дээ. Түүнээс хичээвэл би ч энэнд нь түрүүлчиж магад юм байна шүү :P

    ReplyDelete